Хэнтий аймгийн Батноров сумд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, энэ сарын 27-нд Улсын комисст хүлээлгэн өгчээ. Комиссынхны өмнө нь өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг үндэслэн ийн ашиглалтад оруулсан байна. Барилгын зураг төслийг “Өсөн үржих” компанийнхан боловсруулж, барилга угсралтыг “Бүст-Улаан” ХХК гүйцэтгэжээ. Нийт санхүүжилт нь 3.9 тэрбум төгрөг бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр бүрэн шийдсэн гэнэ. Батноров сумын зургаан багийн хэмжээнд цэцэрлэгийн насны нийт 298 хүүхэд бүртгэлтэй байдаг. Одоогоор тэдний 186 нь долоон бүлэгт хуваагдан суралцаж буй аж. Шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар “алба”-нд хамрагдаж чадаагүй болон одоо суралцаж буй хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсролыг орчин үеийн стандарт хангасан, эрүүл, аюулгүй орчинд олгох нөхцөл бүрдээд буй юм.
О.Оргилох