16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-гийн амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид аравдугаар сарын 29-ний пүрэв гарагт хаалттай хянан хэлэлцээд хараахан шийдвэрээ танилцуулаагүй талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Дээд шүүхийн тус танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалан, шүүгч Б.Батцэрэн, Т.Өсөхбаяр, Ч.Хосбаяр, Б.Амарбаясгалан нарын бүрэлдэхүүн баасан гаргийн 12.00 цагийн үед тогтоолоо танилцуулсан юм. Ингэхдээ өмнөх хоёр шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх Э.Ган-Эрдэнийг шүүгдэгч Ц.Дагвадоржийн үйлдсэн хүнийг хөнөөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон нь нотлогдоогүй, түүний заналхийлэлд бодитой өртсөн байхад өөрийн амь нас, эрүүл мэндийг золиослох буюу онцгой үүргийг хүлээлгэж, гэм буруутайд тооцох боломжгүй гэсэн дүгнэлт, шийдэл үндэслэлтэй гэж үзэв. Улмаар Э.Ган-Эрдэнийг цагаатгасан тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
Харин Э.Номин-Эрдэнийг ижил үндэслэлээр цагаатгахдаа хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэгжүүлээгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн юм. Өөрөөр хэлбэл, Э.Номин-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг агуулж буй, эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шийтгэх тогтоол, магадлалын Э.Номин-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болголоо.
Мөн Ц.Дагвадоржийн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж оролцсон хэрэгт холбогдсон Х.Энхсайханы үйлдэлд хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримт, тэдгээрийн ач холбогдол, агуулгын талаар алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэв. Тодруулбал, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхэд хүрсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалаас түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан юм. Ингэснээр Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын гэм буруутай, эсэхийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.
Ц.Дагвадоржийн залилах гэмт хэргийг хөнгөрүүлж, энэ үйлдэлд оноосон ялыг хоёр жил болгож багасгасан ч бүх насаар нь хорих тогтоолыг хэвээр үлдээв.
Г.Орчлон