Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) хооронд тус байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрийг ХХААХҮЯ-ны төлөөлөл болон дээрх байгууллагын удирдлага Ром хотноо болсон “Дэлхийн хүнсний форум”-ын үеэр баталгаажуулжээ. Манай улс 1973 онд НҮБ-ын ХХААБ-ын гишүүнээр элссэн. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд 2009 онд Монголд суух хөтөлбөрийн туслахын албан тушаалыг бий болгох, үүнтэй холбогдох зардлыг гаргах, нөхцөлийг хангахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан аж. Энэ нь тус байгууллагын үйл ажиллагааг манай улсад хэрэгжүүлэх үндэс болсон ч төлөөлөгчийн газрын эрх зүйн статусыг тодорхойлсон тусгай хэлэлцээрийг өнөө хүртэл байгуулж чадаагүй байв. Тэгвэл дээрх хэлэлцээрийг хийснээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон үйлдвэрлэл, аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хэмжээг өсгөх, нэр, төрлийг нэмэгдүүлэх зэрэгт олон улстай хамтран ажиллах боломжийг сайжруулахыг ХААХҮЯ-наас мэдээллээ. Мөн талуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, урт хугацааны, үр дүнтэй түншлэл бэхжүүлэхэд чухал алхам болохыг албаныхан онцлов.
С.Цэрэн