Казахстан улсад үргэлжилж буй насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ-д эрэгтэйчүүдийн шигшээ багаас 70 кг-ын жинд хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Т.Тулга Молдавын тамирчин, дэлхийн чансааны зургаад бичигдэж буй Василе Диаконыг цэвэр ялж, гурав дахь удаагаа шагналын тавцанд зогслоо. Тэрбээр сүүлийн таван жил дэлхийн дэвжээнд зодоглохдоо гурваас нь медаль гардаж байна. Түүнээс өмнө Х.Баянмөнх, З.Ойдов нар ДАШТ-ээс гурван медальтай ирж байжээ. Тус жинд хойд хөршийн тамирчдаас Ибрагим Ибрагимов аваргалж, Эрназар Акматалиев (Киргиз) удаалан, Зайн Резерфорд (АНУ) хүрэл медальтай өндөрлүүлэв. Түүнчлэн эмэгтэйчүүдээс 59 кг-д ОУХМ Х.Болортуяа эзэн орны тамирчин Алтын Шагаеваг тэмцээний эхний хагаст даралтаар буулган авч, Монголын багт хоёр дахь хүрэл медалийг авчирснаар дэлхийн хошой медальтан болов. Түүний жинд энэ удаа Энэтхэгийн Маниша Маниша түрүүлж, АНУ- ын Абигайл Элизабет Нетте мөнгө, Украины Мария Винник хүрэл медаль хүртсэн байна.
