Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Монгол Улсын 2027 оны төсвийн орлого, зарлагыг түүхэнд байгаагүй өндрөөр оруулж ирсэн. Та төсвийн хэлэлцүүлгийн явцыг ажиглаж байнауу ?
-Геополитикийн хувьд тогтворгүй, түүхий эдийн хараат байдал арилаагүй, цаашид дэлхийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх талаар прогноз тодорхойгүй үед хэт өөдрөг төсөв боловсруулах нь бодлогын алдаа юм. Ийм үед хамгийн консерватив маягаар хандах ёстой. Гэвч Н.Учралын Засгийн газар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан ард түмнээ хуурахад л анхаарлаа. МАН-ынхан улс орныг яаж зөв удирдах, ард түмнээ хэрхэн бага ядраах тухай боддоггүй. Харин дараагийн сонгуульд яаж ялах, тэдэнтэй өрсөлдөхөд бусад намд хэрхэн хэцүү байлгах вэ гэдэгт анхаардаг. Сонгуулиас сонгуулийн хооронд сэтгэж, ялах нь амьдралын зорилго нь болчхож. Төсвийг маш олон дэмий зүйлд зарцуулж ирснийг сүүлийн үед хэвлэлийн салбарт өрнөж буй үйл явдлаас харж болно. Чөлөөт хэвлэлийг алга болгоход төр оролцжээ. Улс төрчид өөрсдийгөө магтуулахын тулд маш их санхүүжилт цацсан байна. Ардчиллын нэг баганыг цавчих хэрэгсэл нь бидний төлж буй татвар болжээ.
-Манай улсад эрх мэдлийн хуваарилалт алдагдаад удлаа. УИХ нь гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих ёстой ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Ерөнхий сайд нь парламентаа базчихсан байсан. Тогтолцоо хаана гажуудав, таныхаар үүнийг хэрхэн засах вэ?
-Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга байхдаа парламентын тал хувийг атгаж, харцаараа байлгахын тулд УИХ-ын гишүүний тоог 76-гаас 152 болгох санал гаргасан. Олон нийтэд танигдсан 76 хүн тойргоос сонгогдчихно, тэд түүний захиргаанд амархан орохгүй. Харин 76 хүнийг жагсаалтаар эрэмбэлж, тэднийгээ базчихвал удирдаж чадна гэж тооцож. Олон хүн эсэргүүцсэн учраас 48 дээр тогтсон. МАН-ын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд байхаар заасан. Жагсаалтад хэнийг эрэмбэлэхийг дарга нь шийддэг, тиймээс тэдгээр гишүүн нь ч Засгийн газрын “мэдлийнх” болоод байна. Ингэж эрх мэдлийн хуваарилалтыг жагсаалтын гишүүдээр дамжуулан алдагдуулж, парламент, Засгийн газрын харилцааг намын дарга ба УИХ болгон өөрчилсөн шүү дээ.
-Сонгуулийн холимог тогтолцоог 2012 онд бид нэг удаа хэрэглэсэн. Тэгэхэд жагсаалтын гишүүд өнөөдрийнх шиг намын даргадаа үйлчилдэг, хэтэрхий цадиггүй байгаагүй. Ялгаа нь юу бол?
-Жагсаалтын гишүүдийн тооны харьцаа цөөн, бас төлөвшсөн хүмүүсийг эрэмбэлж байсан юм. Нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж үзээгүй, нэг ч төсөл хийгээгүй, хувийн эрх ашгаа улсынхаас ялгаж мэдэхгүй хүмүүсийг төлөвшөөгүй байхад нь хэт дээш гаргахаар ийм боломж өгсөн хүндээ л үйлчилдэг аж. Үүнээс сэргийлэхийн тулд жагсаалтыг намын дарга нь биш, дотооддоо сонгон шалгаруулж эрэмбэлэх ёстой юм.
-Төлөвшсөн хүмүүсийг жагсаалтад оруулбал даргад ашиггүй байх л даа.
-Тиймээс намын даргаараа ч төлөвшсөн хүн сонгох хэрэгтэй. МАН-ын том алдаа нь энэ. Иргэн татсан тамхины ишээ газар хаявал 50 сая төгрөгөөр торгоно гэж Л.Оюун-Эрдэнэ ярьж байсан шүү дээ. Амьдрал мэдэхгүй хүнийг дарга болгосон, өнөөх нь хагартлаа баяжсан. Тэгэхээр түүний удирдлагад өөртэй нь ижил л хүмүүс байна. Эрх баригч нам даргаа зөв сонгож чадаагүйн сөрөг үр дагаврыг ард түмэн үүрч буй. Тухайлбал, нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатар удаан ажилласан. Түүнийг дарга болгосон МАН-ынхны гайгаар хэчнээн татвар нэмэв. Тэр бүрд би эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн. Ард түмнийг эрүүл, аюулгүй орчинд аз жаргалтай амьдруулахын оронд эсрэгээрээ үргэлж мөлжиж байх ёстой гэж хардаг хүмүүсийг удирдлагадаа залчихсан.
ЯРЬЖ БАЙГАА ДЭГЛЭМЭЭ Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ ХИЙСЭН
-Х.Нямбаатар Канадаас лайв хийгээд л байна. Сүүлийн үед Ерөнхийлөгчий г“онилсон” мэдэгдэл хийж буй. Улс төрийн орогнол үсэх зорилготой гэх юм.
-Х.Нямбаатар гэдэг хувь хүнтэй надад элдэв тооцоо байхгүй. Гэхдээ тэр ХЗДХ-ийн сайд, хотын дарга байхдаа яг өнөөдрийн ярьж буй дэглэмээ угсарсан юм. Эсэргүүцсэн, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг баривчил, хэрэг нээ гэх болсон. Жагсаал санхүүжүүлсэн гэж хардсан аж ахуйн нэгжүүдийг сүйрүүлж, удирдсан иргэдийг онилдог дэглэм угсарч, дэд бүтэц, бүх хонгилыг бий болгосон хүн нь тэр өөрөө. Тэр огцрох хүртлээ яг л ХЗДХ-ийн сайд шиг байж тэнд, энд хэрэг нээ гэж хуулийнхныг дарамталдаг байсан. Нэг гараараа бүтээн байгуулалт хийх гэж буй мэт ч нөгөө гараараа дарангуйлал тогтоосон хүн. Түүний бүтээн байгуулалт нь “Сэлбэ” дэд төв, зам биш, өөрийнх нь яриад байгаа дэглэм юм. Энэ систем дээр нь одоо Ерөнхийлөгч гараад суучихлаа гэж харж буй тул ноцоод байгаа бололтой. Улс төрийн зорилгоор Х.Нямбаатараас үүрэг авч, хэнийг мөрдөн шалгасан бэ гэдгийг он, сараар нь хөөж үзвэл нүүрсний хулгай, Туулын хурдны зам, “Огцрох амархан” зэрэг жагсаалтай яг давхацдаг. Уг системийг нэгбүрчлэн буцааж задалж байж л ардчилал, эрх чөлөө цэвэршинэ.
-Үеэлүүдийн цаг үед иргэдийн үг хэлэх эрх чөлөө хумигдаж, авлигын индексээр ч манай улс ухарсан. Одоо хотын дарга асан “Монголд үзэлбодлоо илэрхийлэх эрх чөлөө алга” гэж гомдоллож байна. Угсарсан систем нь өөрт нь үйлчилж байна уу?
-Энэ бол зүй тогтол. Хэн муу систем угсарна, тэр хүн үүнийхээ “махны машин”-д хэрчүүлдэг. Улс төрийн сурах бичигт “Муу систем бүү угсар, үүний чинь араа шүд нүдгүй учир эргээд хэнийг ч хэрчдэг шүү” гэж заадаг юм. Сайн систем угсарвал өгөөжийг нь өөрөө ч, үр хүүхэд нь ч хүртдэг. Энэ ялгааг ойлгож байж улс төр хийх ёстой л доо. Гэвч эрх мэдлээ ашиглаад өстнөө дарж авъя, миний өөдөөс үг хэлсэн хүн бүрийг нухчихъя гэдэг систем угсарсан хүн түүндээ хэрчүүлнэ. Х.Нямбаатарт “Чи ямар хууль өргөн барьж, юуг яаж өөрчилснөө мэдэж байгаа учраас одоо тэр бүрийгээ буцаагаад хүчингүй болгуулахад л энергиэ зарцуул. Жагсаалуудын үед хэн хэнд даалгавар өгч, эрүүгийн хэрэг үүсгүүлснээ нэгбүрчлэн санаж, нүглээ наманчил” гэж л зөвлөе. Энэ хүн чөлөөт хэвлэлийг устгахад ч яаж оролцсоныг иргэн Г.Уянга илчилж, бид мэдлээ шүү дээ.
-30 гаруй жилийнтурш АН, МАН ээлжлэн төр барилаа. Гуравдагч хүчний байр суурь бараг алга. Эрх барьж буй нам нь даргаа ч зөв сонгож чадахгүй байна гэж та хэллээ. Намыг яаж зөв голдиролд нь оруулах вэ, та олон жил АН-ын гишүүн явсан шүү дээ.
-Намууд гишүүдийнхээ үзэл бодолд хөтлөгдвөл зөв, мөнгөнд хөтлөгдвөл буруу явна. Хоёр том намын гол зовлон бол мөнгөнд хөтлөгдсөн явдал. Хэнийг даргаараа сонгосноос л үүнийг таньж болдог. Намууд мөнгөнд хөтлөгдөж буйн гайгаар ард түмэн ядуу амьдардаг. Сонгууль нь асар үнэтэй болдог, үүнд зарцуулснаа дараа нь төрөөс буцааж хулгайлах гэж үзнэ. Төрийн “салаа мөчир” бүрд хулгайч нарыг тавьж, “цавчих” ажил хийнэ. Ингээд яаж мөнгө унагах вэ гэсэн хүмүүсээр төрийн алба дүүрч, иргэд татвар төлөөд ч ахиц дэвшил гарахгүй байна. Уул уурхайн салбар, бүтээж буй баялаг, орлогыг харахад Монгол Улсын хөгжил тасрахаар болсон. Гэвч уг орлогыг том намуудын сүлжээг тэжээхэд л ашигласаар ирлээ. МАН-ын сонгуультан, сэтэртэн болгоныг ажилтай байлгах гэж орон тоо нэмж, цалин өсгөдөг. Мөн хувийн хэвшлийн хамаг ажлыг төр хийдэг, ТӨК байгуулдаг.
АН-Д АРДЧИЛАЛ ҮГҮЙ БОЛСОН
-АН ч ялгаагүй мөнгөнд хөтлөгдсөн учраас л та энэ намаас гарсан хэрэг үү?
-АН-ыг орхисон цорын ганц шалтгаан мөнгө шүү дээ. Үзэл бодлын хувьд би АН-д насаараа ч харьяалагдахад асуудалгүй. Гэвч санхүүжилтийн систем нь буруу байсан. Би туучаад гарлаа ч дараагийн үеийнхэн ийм дарамтыг тэсэхгүй. 2011 онд АН-ын дүрмийн ажлын хэсэгт орж, санхүүжилтийн системийг өөрчлөх гэж 10 жилийн хөдөлмөрөө зориулсан ч хийж чадаагүй. Тиймээс төлбөрийн чадварт нийцсэн системтэй, мөнгөнд хөтлөгдөөгүй нам ямар байдгийг хөндлөнгөөс харуулъя гэж шийдсэн юм. ИОНН-ын үндсэн философи бол төлбөрийн чадварт нийцсэн, маш шударга санхүүжилттэй, ил тод байх. Манай Их хурлын санхүүжилтийн соёл дээрх хоёр намаас тэс өөр. АН-д эмэгтэйчүүдийн нэг хурал хийхийн тулд том танхим түрээсэлж, төлөөлөгчдийн байрлах, ирэх, буцах зардал, хоол гээд 2016 оны ханшаар 60 сая төгрөг босгодог байсан. Намын Их хурлыг хийх бол тэрбумаар зардал гарна. Ийм нам хулгай хийж, авлига авахгүй бол цаашид оршин тогтноход хэцүү. ИОНН шинэ дүрмээ бүртгүүлэхийн тулд Дээд шүүхээс дөрвөн удаа буцаагдсан. Тэр бүрд бид Их хурлаа хийсэн. Жилд дөрвөн удаа шүү дээ. Манай дүрмээр ирэх, очих, байрлах зардал, хоолоо төлөөлөгч өөрөө даадаг. Эсвэл онлайнаар оролцох боломжтой. Манай Их хурал 205 төлөөлөгчтэй.
-Та АН-ын даргад, бас Ерөнхийлөгчийн сонгуулийн дотоод сунгаанд өрсөлдөж байсан хүн. Тэр үед яг юу болоод өнгөрсөн юм бэ?
-Эмэгтэй улс төрчдөд хүлээн зөвшөөрөгдөхгүй, олж харагдахгүй байхын зовлон бий. Олон жил тэмцэж байгаад хүлээн зөвшөөрөгдлөө, танигдлаа. Ингээд 2020 оны долоодугаар сард намын даргын сонгууль зарлах үед би өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Ц.Туваан дарга ч, намынхан ч цочирдсон. Надаас гадна төдийлөн олны танил бус 10 эрэгтэй нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргасан тул миний ялах магадлал илүү байлаа. Гэвч тэр сонгуулийг явуулаагүй, шууд цуцалсан. Нэр дэвшигчдийн үнэмлэхээ ч өгөөгүй. Дараа жилийнх нь гуравдугаар сард С.Эрдэнэ Ц.Туваанаас тамгаа буцааж авчхаад дахин намын даргын сонгууль зарласан. Би ч өрсөлдөхөөр бүртгүүллээ. Надаас гадна М.Тулгат тэргүүтэй ана мана өрсөлдөхүйц дөрвөн нэр дэвшигч байв. Ингээд би сонгуульд ялсан ч дүнг зарлаагүй, бүтэн цагийн турш намын байр нам гүм болсон. “Ковид-19”-ийн үе учраас цахимаар санал авсан, Дотоод сонгуулийн хорооны байр луу хэн ч орж болохгүй байв. Ингээд хоёрдугаарт орсон М.Тулгатыг ялагчаар зарласан. Тэр ялаагүй тул тамгыг нь ч өгөөгүй, өөрөө ч авах гэж тэмцээгүй. Дотоод сонгуулиа явуулж, ялагчаа зарлаж чадахгүй байна гэдэг нь авлига болохоос ардчилал бус. Энэ явдал АН-д ардчилал үгүй болсныг харуулсан. Намын дарга болохгүйгээр эмэгтэй хүн Ерөнхий сайдын түвшинд хүрэхгүй шүү дээ. Засгийн газрын тэргүүн байхын тулд намын дарга болох, үүний тулд сонгуульд өрсөлдөх ёстой.
Намын даргын сонгуульд “ялагдсан”-ынхаа дараа би арай ч дахин луйвардахгүй байлгүй гээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Сарын дараа юм. Намын даргын сонгуулийн үеэр Хөвсгөл аймаг, нийслэлийн Хан-Уул дүүрэг зэрэг газраас намайг илт дэмжсэн. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дотоод сунгааны санал авах үед дээрх газруудад цахим систем нь гацаад, саналаа өгч чадаагүй. Харин Баянхонгор аймаг, нийслэлийн Баянгол дүүрэг зэрэг газарт нэг хүн хэдэн ч удаа санал өгч болох нөхцөл үүссэн. Өөр өөр линк явуулсан байгаа юм. Ингээд С.Эрдэнэ ялсан. Би хүлээн зөвшөөрөөгүй. Энэ бол цахим луйвар гэдгийг зарлаад л би маргааш нь АН-аас гарч буйгаа мэдэгдсэн шүү дээ.
-Тэр жилдээ та ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт тавьсан билүү?
-Тэд намайг урьсан юм. ХҮН намынхан ямар хүнийг нэр дэвшүүлбэл дэмжих вэ гээд нээлттэй санал асуулга явуулахад Д.Энхбат, Д.Жаргалсайхан бид гурвын нэр гарч ирж. Ингээд П.Наранбаяр, Т.Доржханд нар намайг ирж уулзаач гэсэн. ИОНН-ын Маргаан таслах комиссын дарга Б.Дашнямтай хамт дөрвүүл уулзлаа. “Та манайхаас нэр дэвшвэл юу санал болгож чадах вэ, бас мөнгө байгаа юу” гэж Т.Доржханд асуусан. Надад залуус, эмэгтэйчүүдийн дэмжлэг байна гээд л улс төрийн капиталаа хэллээ. Сонгуульд би их мөнгө зарцуулж байгаагүй. Нэг өдөрт нээлттэйгээр 100 сая төгрөг босгоно. АН-ын даргад өрсөлдөхөд ч ийм зарчмаар ажилласан. Ерөнхийлөгчийн сонгуулиар нэг тэрбум орчим төгрөг босгож чадах байх гэдгээ хэллээ. Тэд 10 тэрбум төгрөг авчирч өг, мөн Ц.Элбэгдоржийн зөвлөх, туслах байсан гэдэг түүхээсээ нэрээ салга гэсэн шаардлаганадад тавьсан. Тийм их мөнгө босгож чадахгүй. 2013 он хүртэл тэр хүнтэй хамтарч ажилласан, түүнээс хойш зам салсан. Өмнөх түүхийг яаж арилгах билээ гээд л би гараад явсан юм. Тэд Д.Энхбат гуайг нэр дэвшүүлсэн. Гэхдээ Т.Доржхандад ялах зорилго байгаагүй, ямар нэг аргаар мөнгө босгохыг хүссэн гэж би боддог.
ХАМГИЙН ТОМ ХАМГААЛАЛТЫН СИСТЕМ БОЛ ЁС ЗҮЙ
-Эмэгтэйчүүд улс төрд ах, аав, нөхрөө залгамжлах, эсвэл хэн нэг улс төрчийн дэмжлэгээр л орж ирдэг гэдэг ойлголт бий. Таныг ч бас Ц.Элбэгдорж гуайн хүн гэдэг шүү дээ. Та үнэндээ ямар зам туулж улс төрч болсон юм бэ?
-Өдөр тутам хөдөлмөрлөсний минь үр дүн л гэж боддог. Намайг ажилсаг болохоор Ц.Элбэгдорж хажуугаасаа салгахгүйгээр олон жил ажиллуулсныг жишээ баримттай хэлж болно. Түүнээс Ц.Оюунгэрэлийг улс төрч болгох гээд өөд татсан юм биш. Харин ч тэр хүний хажууд ажилласнаараа улс төрд орох боломжоо хойшлуулсан, тэгээгүй бол илүү хурдан карьераа хөөх боломж байсан. Ц.Элбэгдоржийн хүн гээд намайг сонгуулиар хүлээн зөвшөөрөхгүй, хойш татдаг байлаа.
Миний улс төрийн карьер Сэргээн мандлын намын Хөвсгөл аймгийн хорооны даргаар сонгогдсоноор эхэлсэн. Ц.Лоохууз, Б.Нямбуу зэрэг МАХН-аас сэхээтний төөрөгдөл гэж нам дотроо хэлмэгдсэн хүмүүс 1991 онд уг намыг байгуулсан юм шүү дээ. Би хэзээ ч МАХН-ын гишүүн байгаагүй. Манай аймагт дээрх нам байгуулагдахад намайг даргаар урьсан.
-Залуу эмэгтэйг шууд салбар хорооныхоо дарга болгосон нь сонирхолтой юм.
-Их зоригтой байжээ. Улс төр их сонирхдог, клуб ажиллуулдаг байсан учраас намайг томилсон байх. Мөн өөр нэг шалтгаан бий. Тэд МАХН-ын гишүүн байсан манай нэг багшийг лоббидож дарга болгохоор очсон юм билээ. Гэтэл багш намаасаа гарахаас айгаад, намайг санал болгосон. Хэрэв хэн нэгэн хүн намайг улс төрд хөтөлсөн гэж буй бол Ц.Элбэгдорж биш, Содномдаржаа багш маань байсан юм. Ингэж би тодорхой байр суурь, багтай, сонгуулийн кампанит ажлаа хийсэн, өөрийн гэсэн улс төрийн замналтай болсон. 1992 оны сонгуулийн дараа манай нам бусад гурван улс төрийн хүчинтэй нийлж, Монголын үндэсний ардчилсан намыг байгуулсан юм. Улмаар 2000 онд үүн дээр бусад нам нэмэгдэж, одоогийн АН бий болсон. Тэгэхээр би АН-ын эцэг намын нэг эд эс болж, өөрийн карьертай явсаар улс төрд хөл тавьсан байгаа биз.
1996 онд хотод орж ирээд АН-ын төв штабт ажиллая гээд Ш.Түвдэндоржтой уулзахад “Чи эхлээд Ц.Элбэгдорж даргатай уулз” гэсэн юм. Яваад очиход УИХ-ын, Хөвсгөлийн хэдэн гишүүн сууж байсан. Ц.Элбэгдорж УИХ-ын дэд даргаар дөнгөж сонгогдсоны маргааш учраас туслах хайж байж. Манай аймгийн гишүүд намайг туслах нь болчхооч гэсэн. Үүнээс хойш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход нь урилгаар ирэн, очин ажилласан.
-Танд хэзээнээс УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх боломж гарав?
-Би 2000, 2008, 2012, 2016, 2024 онд нийт таван удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн.
-Бага мөнгөөр улс төр хийх зарчимтай хүн таван удаа сонгуульд нэр дэвших эд хэдэн төгрөгийн зардал гаргасан бэ?
-2024 оны орон нутгийн сонгуулиар 20, УИХ-ынхад Хан-Уулд дэвшихдээ 40 сая төгрөг зарцуулсан. Харин АН-д хэзээ ч ийм бага мөнгөөр өрсөлдөх боломжгүй. Нэр дэвших дэнчин намдаа төлдөг. 2020 онд 100 саяын дэнчинтэй гэхэд нь би эсэргүүцээд дэвшээгүй. 50 сая байхад нь өрсөлдсөн юм. 2008 оны сонгуулийн зардлын ихэнхийг намд өгөх мөнгө эзэлсэн. Аймгийн намын хороонд 30 сая төгрөг өглөө. Миний цэвэр зардал бол 20-30 сая төгрөг болсон. Улс төрч хүн хэтэрхий их өр тавьж болохгүй. 2012 оны сонгуулиар 170-аад сая төгрөг төлсний бараг 130-ыг нь намд зориулсан. Үлдсэн 40 саяыг л тойрогтоо зарцуулжээ. Гишүүнээр сонгогдоход 100 сая төгрөгийн өртэй байлаа. Үүнийгээ дөрвөн жилийн турш цалингийн зээлээр төлсөн шүү дээ.
-Эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцоход олон сорилт, бэрхшээл туулдаг. Үүнд хувь хүний зоригоос гадна сэтгэлийн тэнхээ хэрэгтэй мэт санагддаг. Гадаад төрх, хувцаслалтаас эхлээд шүүмжилдэг, нийгмийн сүлжээгээр их доромжилдог. Үүнийг та яаж даван туулдаг вэ?
-Өөрийн гэсэн хамгаалах системтэй л болох хэрэгтэй. Энэ бол ёс зүй. Би улс төрд ёс зүйтэй явсан учраас л бүх зүйлээс өөрийгөө хамгаалсан. Асуудал гарвал ёс зүйтэй хувилбарыг л сонго. Ийм байхад унасан ч, ялсан ч зөв явна. Зөв явахад бүхнийг давах тэнхээ надад үлддэг. Ялалт, ялагдал, ажлын хүнд, доромжлолыг ч ёс зүйгээр давдаг.
-УИХ-д өнөөдөр 32 эмэгтэй гишүүн ажиллаж байгаа ч ёс зүйн шалгуурт тэнцэхгүй хүн цөөнгүй. Тэд ирээдүйн эмэгтэй улс төрчдийн боломжий гунтрааж буйгаа ойлгохгүй байх шиг.
-2012-2016 оны эмэгтэй гишүүд маш сайн ажилласан. Дотоод зохион байгуулалтаа эрт хийхгүй болохоор хувийн тоглолт явчихдаг. Үүний дараа буцааж баг болгоход хэцүү. Зохион байгуулалт гэж ид шидтэй зүйл бий. Үүргээ хуваарилах, ямар сэдвээр хамтрах, хэзээ бие даасан байр сууриа илэрхийлэх, ямар үед нэгдсэн товчлуураа дарах гэх мэтээр хил хязгаараа тогтоох хэрэгтэй. Бид эвт шаазгай буга барих дүрмээр ажилласан. Тэгэхээр ямар асуудалд эвтэй байхаа сонгож чадвал эмэгтэй гишүүдэд үлдсэн хугацаандаа үр дүнтэй ажиллах боломж бий.
-Эмэгтэй хүн удирдлагад байхад тухайн байгууллагын хүйсийн харьцаа тэнцүү болдог гэдэг. Танай намд ямар байдаг бол?
-2024 оны сонгуулиар аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх ёстой гэсэн квот үйлчилсэн. Гэтэл манайд эрчүүд 30 хувьд хүрэхгүй байлаа. Тиймээс ИОНН-ын хувьд хүйсийн 30 хувийн квот одоохондоо хангалттай. Үүнийг “шингээх” хугацаа улс төрд хэрэгтэй байдаг.