Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооноос Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт багш нарын цалинг нэмүүлэх асуудлаар шаардлага хүргүүлэхээр болсон талаараа мэдээллээ. Шаардлагын хариуг энэ сарын 20-ны дотор өгөх ёстойг тэд санууллаа. Хэрвээ шаардлагын хариуг заасан хугацаанд өгөхгүй бол ирэх сарын 1-ээс хугацаагүй ажил хаяхаа мэдэгдэв. Тэд 2019 он гэхэд багш нарын цалинг 1.6 сая төгрөг болгохыг шаардаж байгаа. Харин 2018 онд багтан 800 мянган төгрөгөөр цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж буй.
Тус хорооноос хэлэхдээ “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо тэмцлээ эхлүүлээд найман сар өнгөрлөө. Энэ хугацаанд маш олон яам тамгын газарт шаардлага хүргүүлсэн. Мөн гурван талт хэлэлцээр хийсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл багш нарын үндсэн цалин нэмэгдээгүй байна. Бид хамгийн сүүлд таван газарт шаардлага хүргүүлсэн. БСШУ-ны үйлдвэрчний хороо болон Нийгмийн хамгааллын яамнаас хариу ирүүлсэн. Шаардлагын хариу өгөх хугацаа өнгөрчихөөд байхад гурван ч газар хариу өгөөгүй байгаа учраас бид дараагийн арга хэмжээг авч ажиллахаар боллоо” гэлээ.
Тэд мөн Өмнө нь биднийг ажил хаяхад “Та бүхний цалинг 30 хувиар нэмэх боломж байна. Та бүхэн ажлаа хийж байгаа ч. Хугацаа өгөөч гэж хэлээд болиулсан. Гэтэл өнөөдөр тэр хугацаа нь өнгөрчихсөн байхад асуудлыг мартсан байна” гэсэн юм.