2013 оны долдугаар сард “Хадгаламж банк”-ийг татан буулгаж актив, пассив хөрөнгийг нь Төрийн банкинд шилжүүлсний дараа “Алтжин” группийн захирал Г.Алтангийн хүү Э.Сүрэн тус банкнаас гаргасан баталгааг үндэслэж, “Жаст групп” ХХК-д 32.8 сая ам.доллар буюу 51 гаруй тэрбум төгрөг зээлдүүлснээ буцаан авах талаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Шүүх “Жаст групп” ХХК-ийг Э.Сүрэнгээс зээлсэн мөнгөө төлөх, төлөхгүй бол баталгаа гаргасан Төрийн банкаар төлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Шүүх тухайн хэрэгт “Хадгаламж банк”-ны эрх хүлээн авагчийг оролцуулаагүйн улмаас актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн үзэж Төрийн банкнаас Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Нэхэмжлэгч тал Э.Сүрэнгийн гаргасан баримтууд хуурамч гэж үзэж шинээр илэрсэн байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан бөгөөд үүнтэй холбогдуулан гаргасан хүсэлтийг өчигдөр хэлэлцлээ. Ийн хэлэлцэхэд “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүүг оролцуулах шаардлагатай гэж нэхэмжлэгч Төрийн банкныхан үзсэний дагуу түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас авчирч хуралд оролцуулсан нь нэлээд анхаарал татсан.
Ш.Батхүүгийн өгсөн мэдүүлэг хэр ач холбогдолтой байсан нь тодорхойгүй ч шүүх бүрэлдэхүүн Төрийн банкнаас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан байна.