Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Шинэ дугаарын хязгаарлалтыг иргэдийн 62.5 хувь нь ДЭМЖЭЭГҮЙ
Иргэд дугаарын хязгаарлалтын журамд өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй. Тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ныг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласнаар авто замын ачаалал нэмэгдэнэ. Тухайлбал: Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн 4 замын огтлолцол бүхий гүүрэн гарц зэрэг томоохон ажилууд хийгдэх гэж байна. Иймд авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг хийх хоёр төрлийн саналыг иргэдээс авсан. Тэгвэл санал асуулгад оролцсон нийт иргэдийн 62.5 хувь нь дэмжээгүй талаар өнгөрөгч даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр мэдээлэв.. Харин үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөн 30-40 хувь нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.
Гүүрэн гарцын ажлын улмаас хэд хэдэн зам хаалаа
Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд даваа гаригаас буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны 05.00 цагаас эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо. Иймд тус өдрөөс эхлэн авто зам хэрэглэгчид Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг” буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Мөн Авто замын хөдөлгөөний нягтралыг сааруулах зорилгоор хийж буй түр замуудыг ашиглалтад оруулжээ.
Ганцмодны боомтоор нэвтрэх нүүрсний тээврийн автомашины тоо 20 хувиар нэмэгдлээ
Ганцмодны боомтоор энэ сарын 16-наас нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр тус өдөр л гэхэд тус боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж Гашуунсухайт боомтын Захиргаа мэдээлж байна.
Гашуунсухайт боомтоор зургаан эгнээгээр автомашин нэвтрүүлж байна. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн Ганцмодны боомт зөвхөн хоёр эгнээ замаар нүүрсний автомашинуудыг нэвтрүүлж байсан нь Монголын нүүрсний экспорт огцом буурах, хил дээр урт дараалал үүсэхэд хүргээд байсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр ӨМӨЗО-ы Баяннуур хотын удирдлагатай уулзаж, хоёр тал хил нэвтрүүлэх боломжоо нэмэгдүүлэх талд санал нэгдсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлалынхаа үеэр ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллаж, хотын удирдлагатай нь уулзсан юм. Тэд Гашуунсухайт-Ганцмодны боомтын экспорт, импорт, нэвтрүүлэх чадлыг өргөтгөх, бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх талаар санал солилцож, хоёр тал боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлж, хил нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн, мөн Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөх баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Баяннуур хот ойрын өдрүүдэд Ганцмодны боомтыг бие даан хариуцах эрхтэй болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанитай шууд гэрээ байгуулан 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломжтой учир шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч гээд бүх асуудлаа шийдсэн. Одоо манай улсыг хэр түргэн шуурхай ажиллахыг л хүлээж байгаа гэдгээ айлчлалын үеэр илэрхийлж байсан юм.
Зодооны хэргээс болоод Бөхийн өргөөний үйл ажиллагаа зогсов
Монгол бөхийн өргөөнд үймээн гарч, цагдаагийн байгууллага хамгаалалтад авсан. Аварга А.Сүхбат, начин Б.Одхүү нарын зодооны хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Энэ хэргээс болоод тус өргөөнд болох байсан бөхийн барилдаан болон урлагийн тоглолтыг түр хугацаагаар зогсоожээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Бөхийн өргөөний бүх үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх үйл ажиллагааг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 жилд хэрэгжүүлж дуусгах мөн хуульд тусгах шаардлагатай нэр томъёоны тодорхойлолт, төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, газар өмчилж авах өргөдөл гаргах, түүнийг хянах, газар өмчлөгч иргэнд хориглох зүйл, иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон бүртгэл, хөдөлгөөний талаар тодорхой зохицуулалтуудыг нэмэх, өөрчлөн найруулах саналыг тусгажээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны зургадугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хугацаанд хуульд 7 удаа нэмэлт өөрчлөлт орж, үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацааг тав, таван жилээр сунгасан байна.
2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18,3, нийт өрхийн 62,54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авчээ.
АНУ-д хөдөлмөр эрхлэх бололцоотой H-2 хөтөлбөрийн хугацааг сунгахаар төлөвлөж байна
АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх (H-2) хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд монголын талаас төрийн байгууллагуудын нэгдсэн зохицуулалтыг хангах үүднээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр нар болон ГХЯ, ХНХЯ, Вашингтон дахь ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон видео хурлыг энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд ГХЯ-нд зохион байгуулав.
АНУ-ын ажил олгогч нартай гэрээ байгуулсан дотоодын хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, эрх авсан хуулийн этгээдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдээс барьцаа, илүү хураамж авахгүй байх болон иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажиллах зөвшөөрлийн үнэн бодит эсэхийг шалгах механизмыг бүрдүүлэх талаар ярилцлаа.
Н-2 хөтөлбөрийн хүрээнд гадаадын иргэнд эхний удаа нэг жил хүртэл хөдөлмөрлөх виз олгодог бөгөөд зөрчил гаргахгүй хуулийн дагуу ажилласан тохиолдолд цаашид гурван жил хүртэл сунгах боломжтой. Монгол Улсын энэхүү хөтөлбөрт хамрагдах хугацааг иргэд нь хуулийн дагуу ажиллаж байгааг үндэслэн сунгах боломжтой юм.
Монгол иргэдийг энэхүү хөтөлбөрт хамрагдуулах зорилгоор Америкийн зарим мужийн холбогдох байгууллага, ажил олгогч нартай уулзалт зохион байгуулах, сурталчилгаа хийх зэргээр Вашингтон дахь ЭСЯ үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын дөрвөн албан тушаалтан оффшор дахь хөрөнгөө шилжүүлсэн талаар мэдүүлэв
Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байна.
Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дууссан бөгөөд энэ хугацаанд Улсын Их Хурлын 2 гишүүн, Монголбанкны 1 албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах 1 албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж бүртгүүллээ.
Түүнчлэн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.
Хөвсгөл аймагт гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулав
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас зүүн хойш 60 км-т Зэрлэг 3-р баг “Горхины эх Ухантын ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэдэг дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 20.13 цагт ирсэн.
Дуудлагын дагуу түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 64 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 116 иргэн, 9 автомашин, нийт 180 хүн, 14 автомашин, бусад техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.
Түймрийг 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 15:41 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн хяналтандаа авчээ.
С.Зориг агсны эхнэр Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татлаа
С.Зориг агсны эхнэр Булганыг яллагдагчаар татаж шалгахаар болсон талаар Нийслэлийн прокуророос мэдээлэл хийлээ. Тус газрын хэвлэлийн төлөөлөгч, хяналтын прокурор Г.Бясман хэлэхдээ "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн эрүүгийн хэргийн захиалагчийн илрүүлэх ажиллагаа явагдаж, шинээр цугларсан нотлох баримтуудаар талийгаачтай хамтран амьдарч байсан Б.Булганыг яллагдагчаар татсан. Өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэв. Мөн яллагдагчаар татсан тогтоолыг Б.Булганд танилцуулж байцаалт авсан байна.