“Их хотын цэвэрлэгээнд нийт 10294 ААН, байгууллагын 57792 хүн оролцлоо” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав. Тэрбээр “Цэвэрлэгээнд нийслэлийн 80 харьяа газар, агентлагийн 3827 ажилтан албан хаагч Туул, Дунд гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн. Төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 10 байршилд хаягдал түүхий эд авах урамшуулалт худалдааг зохион байгуулж, 90 минутын хугацаанд нийт найман тонн дахин ашиглах боломжтой хог хаягдлыг 1.2 сая төгрөгөөр худалдан авалт хийв. Хот тохижилтын 557 ажилтан албан хаагчид нийтийн эзэмшлийн зам талбайн 8417 у/м хайс хашлага, 336 ширхэг сандал, 344 ширхэг хогийн сав, 653 шонг угааж, ногоон байгууламжийн хамгаалалтын 145 шон, троссыг засварласан. Хотын гол гудамж талбайд тарьсан том оврын 4082 модыг усласан. ЗАА-ны нийт 55 албан хаагч төвийн зургаан дүүргийн цэвэрлэгээний ажлын зохион байгуулалт, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав. Мэргэжлийн хяналтын 403 улсын байцаагч есөн дүүргийн 152 хороонд хяналт тавьж, 10800 аж ахуйн нэгж, байгууллагын 45148 иргэнийг цэвэрлэгээний ажилд хамруулав. Цэвэрлэгээнд хамрагдаагүй 112 аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавин цэвэрлэгээнд хамруулж, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан таван иргэн, гурван ААН-д 1.050.000 төгрөг, хог хаягдлыг ил задгай шатаасан нэг иргэнд 50.000 төгрөг, барилгын хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан 1 иргэнд 300.000 мянган төгрөг, төрийн албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй гурван иргэнд 150.000 төгрөг, нийт 1.550.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан” хэмээн танилцууллаа. Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлын ачилтыг шуурхай хийхэд онцгой анхаарах хэрэгтэй байгааг хэлж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.