УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэргүүтэй гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлж байгаа нь алдаа эндэгдэл ихтэй байгаа талаар Морин уралдаан уламжлал шинэчлэл хөдөлгөөнөөс өнөөдөр хэвлэлд мэдээлэв.
Энэ талаар Морин уралдаан уламжлал шинэчлэл хөдөлгөөний гишүүн Д.Батчулуун хэлэхдээ "Хуулийн төсөлд хурдан морины уралдаанд морьдыг дан сэрвээний өндрөөр уралдуулна гэсэн заалт нь адууг эрлийз монголоор нь ялгахгүй гэсэн санаа агуулж байна. Одоо эрлийз морьдын сэрвээ өндөр байсан цаг үе өнгөрч, үржүүлэг хийж байгаа уяачид одооны стандартад нийцүүлсэн адууг гарган авдаг болсон тул 50 хувьтай эрлийз адуу монгол морьдтой хамт уралдах нөхцлийн улмаас энэхүү заалтыг эсэргүүцэж байгаагаа уяачид илэрхийлсээр байгаа. Угтаа хурдан морины уралдааныг эрлийз, монголоор нь ялгахын тулд генетикийн түвшинд ялгах хэрэгтэй. Энэ нь технологи хөгжсөн одоо үед бүрэн боломжтой болсон" гэв.
Монголынхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нийт уяач, малчид, хурдан моринд сонирхогч, дэмжигч та бүхэнд хандан тус хөдөлгөөнөөс дараах уриалгыг гаргаж байна.
Монгол түмний зан заншлаас урган гарсан Үндэсний их соёлыг хойч залуу үедээ зөв өвлүүлэн үлдээх, төлөвшүүлэх, хууль эрх зүйн шаардлагатай олон тулгамдсан асуудлыг зөв шийдвэрлэх нь энэ соёлд үнэтэй хувь нэмрээ оруулж явдаг уяачдын санал бодлыг түлхүү тусгах нь хамгийн чухал юм.
Нэгдүгээрт Монгол улсын бүх сумдаас энэ асуудлаар тус бүр нэг уяач, төлөөлөлөө оролцуулан “Уяачдын улсын чуулган”-ыг зохион байгуулж, Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд дээрх төлөөллийн олонхийн саналыг тусгах.
Хоёрдугаарт улсын баяр наадмаар уралдах морьдыг эрлийз, монголоор нь генетикийн түвшинд ялгах хүртэлх хугацаанд морьдын үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр зэргийг харгалзан үзэж уралдуулж байх.
Гуравдугаарт эрлийз морьдоо сонгомол байдлаар нь хөгжүүлж тойруулга болон ойрын зайн уралдааныг хөгжүүлэх, эрлийз, цэвэр цусны адууг ялган спортын чиглэлээр тусад нь уралдуулах. Дөрөвдүгээрт Монголын уламжлалт өв соёлоо хадгалан үлдээх, монгол морьны уралдааныг монголоор нь авч үлдье.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах лайваас үзэх боломжтой