Нэр бүхий есөн сэтгүүлч болон тэдний ар гэрийн 30 хүний мэдээллийг хууль бусаар олж аван тагнаж, чагнасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсныг манай сонин өчигдрийн дугаартаа нийтэлсэн. Энэ хэрэгт холбогдуулан тагнуулын байгууллагаас ЭЦА-ны байранд очиж шалгалт хийсэн талаар ч мэдээлсэн. Тэгвэл өчигдөр энэ асуудлаар НПГ-аас мэдээлэл хийв.
Тус газрын хяналтын прокурор Г.Бясман “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хамтарч Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүнийг тагнаж, чагнасан гэх асуудлыг ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, цагдаагийнханд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналаа манайд ирүүлсэн. Прокурор энэ хэргийг хянаж байна” гэсэн юм.
Харин тагнаж чагнах үүрэг өгсөн гэх Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Би сэтгүүлчийг тагнаж, чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж ийм гүтгэлэг тарааж байгаа. Та нар намайг тагнасан болохоос би та нарыг тагнаж, сэтгүүлчдэд гомдол гаргаж байсан удаагүй. Энэ бол зориудаар зохион байгуулж буй улс төрийн үйл ажиллагаа.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ямар балиар үйл ажиллагаа явагдсаныг би баримтаар дэлгэн мэдээлэл хийсэн. “Эрдэнэт”-ийн асуудал дээр 49 хувийнхны тэвчээр нь барагдаж байх шиг байна” гэсэн юм.