Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон цагдаагийн ерөнхий газраас “хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга о.Алтансүх хэлэхдээ "аян энэ сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зургаан сарын турш үргэлжилнэ. Энэ хугацаанд хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох арга барилын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, практикт хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх, тохиолдол бүрийг мэдээлэх, тусламж үйлчилгээнд хүргэх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх, хэвшүүлэх юм. Мөн оролцогч талуудын зүгээс аянаар дамжуулан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулна" гэв.
Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас "Хүүхэд хамгаалал, өрхийн амжиргаа ба даван туулах чадварыг сайжруулах хөтөлбөрийн суурь судалдгаа"-нд 7,000 орчим өсвөр насны хүүхэд, тэдний эцэг эх асран хамгаалагчдыг хамруулжээ. Энэ талаар Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын хөтөлбөхийн менежер С.Цэцэгээ "Судалгаанд оролцсон нийт хүүхдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд бие махбодийн шийтгэлд өртжээ. Мөн 30 орчим хувь “гэртээ байхдаа хэн нэгнээс айдаг, аюулгүй гэж мэдэрдэггүй” гэж хариулсан байна. Насанд хүрэгчдийн 45 орчим хувь нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар хаана, хэнд хандах талаар мэддэггүй, хүүхдийн тусламжийн 108 утсанд хандсан хүүхдүүдийн 40 хувь нь гэр бүл, эцэг эхийн харилцаа, хүмүүжлийн аргын тухай, мөн буруу хэрэг хийж, алдаа гаргасныхаа төлөө бие махбодийн шийтгэл амссан тухай асуудлаар зөвлөгөө тусламж хүссэн" гэлээ.