Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс “Сэтгүүлч ордон" барих газар олгож өгөхийг хотын удирдлагаас хүссэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус форумд оролцож, мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ "Тус ордон барих газрын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж, ирэх жил гэхэд Улаанбаатар хотод сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ" гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Мөн энэ үеэр хэлэхдээ "2018 он Улаанбаатарчуудын хувьд амьдрах орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, нийгмийн салбарт эрс хөгжил авчирсан бүтээн байгуулалтын жил байх болно. “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө батлагдаж, хэрэгжүүлж эхэллээ. Хотыг хөгжүүлэх ажлыг төр ганцаараа хүчрэхгүй. Иргэд, аж ахуй нэгжийн хамтын хүчээр үр дүнд хүрнэ. Тиймээс хүн бүрийн оролцоо хотын хөгжилд чухал гэдгийг хэвлэл мэдээллийнхэн та бүхэн маань уриалж, бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Сэтгүүлчид та бүхнийг улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалж, ёс зүйтэй, хүнлэг, олон ургальч үзэл, ил тод байдал, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ иргэнлэг, эх оронч сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө нийтлэл, нэвтрүүлэг, мэдээллээ чиглүүлдэгт иргэний хувьд талархаж явдгаа илэрхийлье” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.