“Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тогтоол”-ыг “БОАЖЯ-ы сайд Н.Цэрэнбат гуравдугаар сарын 29-ний өдөр гаргасан. Тус тушаал болон Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Богдхан уулын дархан цаазат газар буюу Зайсангийн аманд зөвшөөрөлгүй барилга барьсан иргэн Б.Дайчинхүүгийн барилгыг нураахаар очсон цагдаагийнхан багагүй эсэргүүцэлтэй тулгарсан талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Б.Дайчинхүү MN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Миний барилгыг 200-300 цагдаа бүслэлтэд аваад өнөө өглөө хүчээр буулгаж эхэллээ. Сүүлийн өдрүүдэд миний талаар худалд ташаа мэдээлэл газар авсан учир үнэн бодит мэдээллийг хүргэхээс өөр аргагүйд хүрлээ. Би таван давхар барилгыг ганцхан өдрийн дотор босгоогүй. Хэдэн сарын турш үргэлжилсэн барилгын ажилд ямар нэгэн саад тотгор учраагүй. Гэтэл баригдаж дууссаны дараа ийм асуудал үүслээ.
Манайх 2016 онд БОАЖЯ-ны харьяа Аялал, жуулчлалын үндэсний төвтэй талбай түрээслэх, ашиглах гэрээг хийсэн. Гэрээг ном журмын дагуу 500 жилийн хугацаатай, 300 мкв газарт 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, жуулчлалын зориулалттай барилга байшин барина хэмээн хийсэн. Гэрээний дагуу эхний ээлжинд хоёр давхар карказан барилга барьсан. Үүнийхээ дараа олгогдсон газраа бүрэн ашиглах үүднээс одоо баригдсан байгаа таван давхар барилгын ажлыг эхлүүлсэн. Өчигдөр буюу тавдугаар сарын 02-ны өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурал дээр "Туул голоо аваръя. Ундны ус бохирдуулж буй байршинг нураая. Голын ойр орчимд барьж байгаа барилгын ажлыг зогсооё" гэж ярьсан байсан. Миний барьж буй барилга Туул голоос хэдэн зуун метр зайтай. Манай барилгаас хойш Туул голд ойр өчнөөн байшин байгаа. Ингээд миний байшинг нураах гэж ирсэн цагдаа хүчний байгууллага хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, ТӨР хүчин мөхөсдлөө гээд шуугиад эхэлсэн.
Мөн өнгөрсөн намар надад нэг газрыг 1.5 тэрбум төгрөгөөр авах уу гэсэн санал ирсэн. Ингэхдээ газрын зөвшөөрөл зэрэг бичиг цаасны асуудал шууд “ногоон гэрэл”-ээр шүү гэсэн. Судлаад ирэхэд бараг 2 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай болсон. Тухайн үед хөрөнгө санхүүгийн боломжгүй байсан учраас татгалзсан. Үүнээс хойш иргэн Б.Дайчинхүү хууль бусаар, зөвшөөрөлгүй газар барилга барилаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж эхэлсэн. Үүнд би гомдолтой байна. Өөрийгөө буруугүй гэдгээ нотолно. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ч хандсан байгаа" хэмээв.