Өөрийн тээж яваа ачааны өндрийг мэддэггүйгээс шалтгаалж нүхэн гарцын өндрийн хязгаарлалыг мөргөсөн осол гарлаа. Тодруулбал Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2018 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Буян ХХК-ны уулзварын нүхэн гарцны өндрийн хязгаарыг мөргөж унагасан жолоочид хариуцлага тооцож, дахин суурилуулах ажлыг явуулж байна.
Зөрчил гаргасан иргэн А-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу / Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 2.13-д зааснаар "Өндрийн хязгаарлал" - ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно” гэх заалт бий.
Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.