ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны хооронд болно. Тус улс үзэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна.
Хэрэв та ОХУ-руу зорчихоор зэхэж буй бол дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
- ОХУ-ын хилийг нэвтэрснээс хойш 24 цагийн дотор /өмнө нь 5 хоног байсан/ бүртгүүлэх үүрэгтэй тул ОХУ-д байх хугацаандаа түр буусан бүх түвшний зочид буудалд бүртгэл хийлгэнэ.
- Хэрэв гадуур байр түрээслэх, айлд байрлах бол Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлнэ.
- Тэмцээний үеэр ЭСЯ-ны Консулын хэлтэс Даваа-Ням гарагийн хооронд өдөр бүрийн 09-17 цагийн хооронд ажиллаж, иргэдийг бүртгэх боломжтой. Хаяг: Консульский отдел Посольства Монголии в Российской Федерации, Москва, 115127, Спасопесковский пер., 7/1
- Галт тэргээр ОХУ-д зорчих иргэдийн хувьд ирсэн даруйдаа байрлах зочид буудал эсвэл ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлэх бөгөөд энэ тохиолдолд галт тэрэгний билетээ үзүүлж, галт тэргээр ирсэнээ нотлох шаардлагатай.
- ОХУ-ын хилээр нэвтрэхэд олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байхыг анхаарна уу.
- Хэрэв хугацаандаа бүртгүүлээгүй тохиолдолд 2000 рублийн торгуультай бөгөөд торгуулиа төлсний дараа бүртгүүлэх боломжтой.
- Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан оросын бүх хотуудад аюулгүй байдлыг цэрэг цагдаагийн байгууллага хүчлэн хамгаалж буй тул иргэд гадуур явахдаа бичиг баримтаа заавал биедээ авч явах,
- Гадаад паспортын хүчинтэй хугацааг анхааран үзэж, хэрэв зургаан сараас доош хугацаанд хүчинтэй байвал шинээр паспорт авах,
- ОХУ-д зорчихын өмнө Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn вэбсайтаар орж, гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцсан байх,
- ОХУ-аар дамжин бусад оронд зорчих иргэд ОХУ-д 24 цагаас илүү саатсан тохиолдолд бүртгэлд хамрагдах,
- Танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байх гэх мэт зүйлсийг анхаарна уу.