Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв өчигдөр дэлхийн 30-аад орноос ирсэн цэргийн алба хаагчдын хөлд дарагдлаа. Жил бүрийн зуны сард манай Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэгийн болон Номхон далайн (хуучнаар Номхон далайн) цэргийн командлалтай хамтран НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Хааны эрэлд” цэргийн сургуулилалт зохион байгуулдаг уламжлал тогтсон. Өнгөрсөн хугацаанд хамтарсан сургуулилалтад таван тивийн 50-иад орны 14 000 орчим цэргийн алба хаагч оролцсон гэсэн мэдээлэл бий.
Энэ жил 16 дахь удаагаа болж буй “Хааны эрэлд” цэргийн хамтарсан сургуулилалтад 26 орон оролцохоор бүртгүүлсэн ч тус сургуулийг удирдагч, бригадын генерал Л.Гансэлэмийн өгүүлснээр 32 орны цэргийн алба хаагч, офицер, ахлагч нар иржээ.
Өчигдөр болсон нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, хэлсэн үгэндээ “Өнөө цагт дэлхий нийтийг хамарсан амар амгаланг тогтоох нь нэг үндэстэн, нэг улсын биш, нийт хүн төрөлхтөн, улс орон бүрийн хүчин чармайлт шаардах үйлс юм. Тийм ч учраас Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах үйлсэд бодитоор оролцож, дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдгаа өнгөрсөн жилүүдэд хангалттай нотлон харуулсан. “Хааны эрэлд” олон улсын сургуулилалт нь анх явагдсан мөчөөсөө бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд, сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэргийн алба хаагчид хүнд нөхцөлд, үүрэг гүйцэтгэх өндөр чадавхтай болсон юм.
Бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцах боломж бүрдүүлдэг “Хааны эрэлд” сургуулилалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АНУ болон цэргийн алба хаагчдаа оролцуулсан бүх улсыг удирдлагад талархал илэрхийлье. Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо цаашид ч тууштай баримталж, даян дэлхийн улсуудтай бүх талаар хамтран ажиллах, найрсаг харилцаа тогтооход бэлэн байдгийг илэрхийлье” гэсэн юм.
“Хааны эрэлд-2018” цэргийн хамтарсан сургуулилалтын Монголын талын удирдагч, бригадын генерал Л.Гансэлэм “Энэ жил анх удаа Катар улсаас цэргийн салаа, Бутаны вант улсаас ажиглагч оролцож буйгаараа онцлог. Мөн манай улсаас Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх батальоны таван салаа оролцож байгаа нь газар орон дээр очихоос өмнөх бэлэн байдлыг хангахад чухал сургалт бэлтгэл болж байна. Монголын цэргийн алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор усны сургалт, гар хийцийн тэсрэх төхөөрөмжөөс хамгаалах, байлдааны талбараас шархтан гаргаж, анхны тусламж үзүүлэх дадлага хийнэ. Хүмүүнлэгийн ажиллагаагаар Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургууль дээр зорилтот бүлгийн 1500 иргэнд цэргийн эмч нарын хамтарсан баг үзлэг оношилгоо хийнэ” гэлээ.