Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 1000 орчмын А хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Шинэчлэл хороолол” төслийн үйл ажиллагаатай өнөөдөр холбогдох албаны хүмүүс танилцав.
2026 он хүртэл үргэлжлэх энэ төслийн хүрээнд 3358 айлын 43 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээ, оффиссын зориулалт бүхий барилгатай байхаар төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжүүлэгчээр БАРМОН ХХК шалгарч, ажлаа эхлүүлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 37 айлын газрыг чөлөөлж, 234 айлын хоёр блок брилгын ажил явагдаж байна. Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж газраа чөлөөлсөн айлуудыг оруулахаар болсон байна. Ирэх 2020 он гэхэд 828 айлын орон сууц буюу 9 блок ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Тус төсөл нь нийт 39.7 га буюу 581 нэгж талбар бүхий газарт хэрэгжих юм.
Шинэчлэл хороолол төслийн хүрээнд иргэдийн газрыг метр 200 мянган төгрөгөөр үнэлжээ. Ингэснээр 0.7 газартай өрх газраа 140 гаруй сая төгрөгөөр худалдаалж байгаа юм. Мөн газраа чөлөөлсөн айл өрхийг түрээсийн байранд хамруулаад эхэлсэн байна. Цаашид дулааны эх үүсвэрийг төвийн шугамтай холбох, 800 метр замыг засах, гол булгыг эргийн боолт хийж халиа үүсгэх ажлуудыг хийх шаардлагатай төслийн хэрэгжүүлэгчид хэлж байсан юм.
Төслийн хөрөнгө оруулалт 203 сая америк доллар. Төслийн нийт ашиг 132 сая ам.доллар байхаар тооцоолжээ. Мөн энд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 120 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг барьж 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.