Монголчууд маань ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ-ий фанатуудын ярианы сэдэв болж, нэрээ гаргаж явна. Харамсалтай нь бөмбөг өшиглөж бус халаас тэмтэрч хайран нэрээ яйран болгожээ. Дэлхийн хэд хэдэн улсад "Монгол хулгайч" гэх нэр томьёо гарчихсан. Манай "хүнд гарууд" Франц, Хонконг, БНСУ зэрэг орны иргэдийн халаасыг хэдийнэ тэмтэрч, өөрсдийгөө мэдрүүлээд авсан. Франц дэлгүүр үүдэндээ "Нохой, Монгол хүн хоёр орохыг хориглоно" гэсэн бичиг хадаж байх вэ дээ. Тэгвэл тэд ээлжит байгаараа Москваг онилсон байна. Оросын Lenta.ru сайтад энэ сарын 15-ны өдөр Монголын халаасны хулгайчид Мексикийн фанатуудын халаасыг хоосолжээ гэж мэдээллэсэн байна.
Тэд “Болгоомжтой, Монгол хулгайчид ирлээ” гэсэн гарчигтай сэрэмжлүүлэг мэдээ тавьжээ.
Мексикийн 29 настай Очоа Агилар Мануэль хэмээх фэнийг Лужники цэнгэлдэхийн ойролцоо явж байхад нь цүнхэн дотроос нь 10 доллар, паспорт, 840 долларын үнэтэй хөлбөмбөгийн дөрвөн тасалбартай цүнхийг нь хулгайлжээ. Энэ хэргийг Монголын иргэн Т, Б нар үйлдсэн нь тогтоогдож баривчлагдаад байна.