Ерөнхийлөгч Х.Баттулга Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцэн, суралцаж байгаа оюутнуудыг хүсэлтийнх нь дагуу өчигдөр хүлээн авч уулзав. Бээжингийн “Цинхуа” их сургуулийн Шварцманы магистрын хөтөлбөр нь дэлхийн хамгийн өндөр шалгууртай хөтөлбөрт тооцогддог бөгөөд энэ удаа Харвард, Оксфорд, Йел, Колумбын их сургуулийг төгссөн, найман орны 24 оюутан тэнцэн суралцаж буйн дотор МУИС-ийг төгссөн, монгол оюутан багтжээ.
Оюутнууд хөтөлбөрийн хүрээнд Азийн орнуудаар аялж, тухайн орны бизнес, Засгийн газар болон хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, туршлага судалж байгаагаа Ерөнхийлөгчид танилцууллаа. Мөн тэд Монголд ирэхийн өмнө ОУВС-гийн захирал Кристин Лагард, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Яньдун, Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн зэрэг албан тушаалтантай уулзаад ирснээ сонирхуулав.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн бодлогын талаар түлхүү сонирхон асууж, дэлгэрэнгүй хариулт авсан юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэнд амжилт хүсэж, салбартаа манлайлахыг ерөөв.