Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. 2014 оноос хойш 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулганыг 2020 онд аль улсын ямар хотод зохион байгуулах талаар зөвлөлдөж шийдвэрээ гаргалаа. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулахаар БНСУ-ын Сөүл хот, БНХАУ-ын Чанчунь хотууд өрсөлдлөө. Тэд өөрсдийн хотын давуу талыг сурталчилж, танилцуулсан юм.
|
|
Танилцуулгын дараа форумд оролцогч зочин хотын дарга нараас нууц санал хураалт явууллаа. Нийт 16 санал ирснээс БНСУ-ын Сөүл хотод 11, БНХАУ-ын Чанчунь хотод 5 санал ирж 2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдахаар боллоо.
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулах болсон БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хотуудын шилжин явах цомийг гардуулан өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.