
Шатахууны үнэд өөрчлөлт орсон гэх мэдээллийн дагуу бид газар дээр нь сурвалжлахаар ШТС-уудыг зорилоо. Хотын төвд байрлах ШТС-уудын үнэ өөрчлөгдөөгүй байсан бол хотын зах буюу Налайх явах зам дагуух хэд хэдэн газар үнээ нэмсэн байна.
АИ92 бензин хотын төвд хуучин тарифаараа 1730 төгрөг байгаа бол:
- Шунхлай АИ92 1795
- ТЭС АИ 92 1810
- MT AИ92 1750
- Шижир OIL АИ92 1700 төгрөгөөр тус тус борлуулж байна.
"Тэс Петромиум" ШТС-ын салбар хариуцсан эрхлэгч Ү.Хишигбат хэлэхдээ "Бензиний үнээ өнөөдөр 10 цаг 40 минутын үед нэмсэн. Өмнө нь 1710 байсан бол одоо 1810 болж байна. Бидэнд үнээ нэм гэсэн үүрэг даалгавар өгсөн гэв".
"Шижир ойл" ШТС-ын ажилтан Н.Янжмаа мэдээллэхдээ "Бид АИ92 бензинээ 1700 төгрөгөөр борлуулж байна. Уг нь 1680 төгрөгөөр зарж байсан. Хотод хоёрхон салбартай, жижиг газар учраас үнээ аль болох хямд байлгахыг хичээдэг. Гэвч агуулах шатахуунаа өгөхгүй байгаа учир арга буюу үнээ нэмсэн" гэв.
Иргэн Л.Батмөнх энэ талаар сэтгэгдлээ хуваалцахдаа "Бензин авах гэтэл 1750 болчихсон байхаар нь гайхаад явж байна. Шатахууны үнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх вий гэж айж байна" гэв.

