
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож, үнэ нэмж байгааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Шатахууны нэмэлт бүтээгдэхүүнүүдийг татваргүй оруулж ирээд октан багатай шатахуун дээрээ нэмж хутгаад холимог хуурга шиг болгож байна. 2017 онд 55 мянган тонн, 2018 онд 58 мянган тонн шатахууны нэмэлт бүтээгдэхүүн/ керосин, конденсатын нэрмэл, дистиллят/ гаалиар орж ирсэн байна.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр "Хуурамч шатахуун борлуулж байгаа 400-500 ААН-ээс болж хохирсон иргэд олон байна. Энэ тохиолдолд хохирлоо баримтаар баталгаажуулж ирүүлэхийг уриалж байна. УУХҮЯ, Газрын тосны газар, МХЕГ хуурамч шатахуун байгааг хүлээн зөвшөөрдөг ч НМХГ хуурамч шатахуун байхгүй гэдэг ч А80 бензинд октан нэмж АИ92 болгодог гэж тайлбарладаг. Гэтэл Монгол Улсын стандартад шатахуунд нэмэлт, чанар сайжруулагч нэмж болохгүй гээд заасан байгаа. Сангийн яаманд шатахууны нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулах замаар хуурамч шатахууныг байхгүй болгох санал тавьсан. Сангийн сайд бидний саналыг “зарчмын хувьд дэмжихгүй байна” гэсэн хариу ирүүлсэн. УУХҮ-ийн яамнаас ч шатахууны нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулах саналыг гаргасан байдаг. Харин Сангийн сайд энэ асуудлыг Засгийн газарт оруулж ирэхгүй байгаа нь хардлага төрүүлж байна. Шатахууны үнэ 1,000 төгрөг байхаас эхлээд л үнэ нэмэгдэх бүрт чимээгүй байсан. Одоо тэвчихгүй ээ" гэв.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос 80470303 дугаарын утсанд иргэдээс мэдээлэл авч, хуурамч шатахуунаас болоод автомашин нь эвдэрч гэмтсэн тохиолдлын баримтаа ирүүлэхийг уриаллаа.