
Өчигдөр нэгэн байрны цонхоор хүүхэд унаж нас барсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад ийм хэрэг бүртгэгдээгүй байна гэсэн хариултыг өглөө. Харин ХУД-ийн 11 дүгээр хороо “Зайсангийн гүүрний орчим хүүхэд усанд живчихлээ” гэсэн мэдээллийг 2018 оны зургадугаар сарын 26-ны 15.33 цагт хүлээн авч шалгахад: “Э” /эм.10н/ дөрвөн найзын хамт усанд орж байгаад живж алга болсон, ул мөр илрээгүй хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.
Тодруулбал, дуудлагыг 15.28 цагт хүлээн авч Ниийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай зургадугаар сарын 26-ны өдрийн 15:30 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гүүрнээс тус дүүргийн 11 дүгээр хорооны Сонсголонгийн гүүр хүртэл 8 км-т 10 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21.00 цагт түр зогсоосон. Өнөөдрийн 06.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өглөө 09.00 цагийн орчимд хохирогч охин Яармагийн гүүрний орчмоос нас барсан байдалтайгаар олджээ.
Он гарсаар 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 аймгийн 20 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 27 удаа усны осол гарч, 35 хүн амь насаа алджээ. Үүнээс 8 нь хүүхэд, 27 нь насанд хүрэгсэд байна.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.
Иймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
Түүнчлэн,
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
- Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
- Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.