
“Хотын захад байрладаг шатахуун түгээх станцуудын үнийг түрүүлж нэмсэн”
Шатахуун импортлогч компаниуд уржигдар оройноос жижиглэнгийн үнээ нэмж, шуугиан дэгдээв. Ямар компани, литр тутмын үнээ хэдэн төгрөгөөр нэмснийг тодруулахаар хотын төв орчмын шатахуун түгээх станцуудад очиход бүгд л хуучнаараа буюу тухайлбал, АИ-92-ыг 1750 төгрөгөөр худалдаж байв. Харин “Хотын захад байрладаг шатахуун түгээх станцуудын үнийг түрүүлж нэмсэн” гэх эх сурвалжийн мэдээллээр Налайх дүүргийг зорилоо. Үнэхээр л олны нүднээс зайлуулан, бага багаар дасган үнээ нэмдэг муухай арга барил ашиглажээ, тэд.
Тэндхийн “Петровис” компанийн салбар үнийн самбартаа шатахууныхаа ханшийг бичээгүй байв. Харин “Шунхлай” компанийн шатахуун түгээх станц АИ-92 бензиний үнийг 1795, дизель түлшнийхийг 2095 төгрөг болгосон байв. Ямар шалтгаанаар үнээ нэмсэн талаар тус станцын эрхлэгчээс тодруулахад “Маркетинг борлуулалтын албаныхан тайлбар өгнө. Бидэнд өнөөдөр (өчигдөр) өглөө “Үнээ нэм” гэдэг чиглэл ирсэн. Түүнийх нь дагуу л ажиллаж байна” гэв.
Харин “Тэс петролиум” компанийн салбарын эрхлэгч Ү.Хишигбал “Бид АИ-92 шатахуунаа 1710 төгрөгөөр худалддаг байсан. Өнөөдөр (өчигдөр) өглөө компанийн удирдлага “Үнэ нэмсэн” гэх чиглэл өгснөөр 10.00 цагийн үед 1810 төгрөг болгож өсгөсөн. Бусад шатахуун түгээх станцууд урд шөнө үнээ нэмсэн байсан. Түүнийгээ үнийн самбартаа бичээгүй ч шатахуун олгохдоо нэмсэн үнээр борлуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт бусад компани бензинийхээ үнийг 10-20 төгрөгөөр өсгөсөн.
Манайх харин тэгээгүй. Цаг гаруйн өмнөөс л дизель түлш, АИ-92 шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр нэмлээ” гэж ярив. Түүнчлэн тус станцын эсрэг талд байрлах “Шижир ойл” компанийн бензин түгээгүүрт АИ-92 шатахууныг 1700 төгрөгөөр борлуулж байв. Тэндхийн эрхлэгч Н.Янжмаа “Манайх шатахуунаа өөрсдөө импортолдоггүй, хотод хоёр л салбартай жижиг газар тул хямд үнэтэй шатахуун худалдахыг хичээдэг. Гэхдээ агуулахаас шатахуун авах гэхээр “Удахгүй үнэ нэмэх тул өгөхгүй” гэх тал бий. Бид АИ-92-ыг 1680 төгрөгөөр зардаг байсан. Өглөөнөөс аргагүйн эрхэнд 1700 болгосон” гэлээ.
Шатахууны үнэ өссөн талаар иргэн Л.Батмөнх “Бодлого боловсруулагчид ард түмний нуруунд хэтэрхий их ачаа үүрүүлж байна. Ерөнхийлөгч хүртэл сонгуулиар юмны үнэ нэмүүлэхгүй гэж байсан. Хэдэн сарын өмнө ч шатахууны үнийг нэмэхгүй гэж байсан шүү дээ. Гэтэл одоо 100 төгрөгөөр нэмэгдчихлээ. Үүнийг дагаад бүх бараа, үйлчилгээний үнэ өсөх нь ойлгомжтой. Гэтэл цалин, тэтгэвэр хэд билээ. Түүнийг хэзээ нэмлээ. Төрийн өндөрлөгүүд ард түмнээ яаж амьдарч байгаа гэж боддогийг ойлгохгүй юм” хэмээн өгүүлэв.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн талаар өнгөрсөн мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр зарим сэтгүүлч “Шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн. Энэ үнэн үү. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын амралтыг “тохиолдуудан” шатахууны үнийг 100-150 төгрөгөөр нэмэх гэж байгаа гэх юм” хэмээн асуухад, сайд “Би энд шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийх гэж ирээгүй” хэмээгээд “бултчихсан”. Ямар нэг “хор найруулаад” байгаа талаар сэтгүүлчид үнэр авчихаад байхад салбарын сайд нь мэдээгүй байна гэж байхгүй.
Хэдхэн сарын өмнө дэгдсэн шатахууны үнийн шуугианы үеэр “Дахин ийм явдал гаргуулахгүйн төлөө ажиллана” гэж байсан хүмүүс өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүйдээ бантан, зугтав уу. Эсвэл өөр шалтгаан байна уу. Манайхан аливаа баяр наадам, амралт зугаалгын үеийг далимдуулан ард иргэддээ халгаатай шийдвэр гаргадаг муухай зуршил тогтоогоод удаж байгаа нь чоно борооноор гэдэгтэй агаар нэг. Тухайлбал, энэ он гараад удаагүй байхад компаниуд зориудаар станцуудынхаа хаалгыг барьснаас хомсдол үүссэн тул хүмүүс явганаар зорчихоос аргагүйд хүрсэн удаатай. Үүнийг “Шатахууны үнэ өсгөх зорилгоор зохиомлоор үүсгэсэн хомсдол” гэх хүн тухайн үед олон байсан.
Тэр үед салбарын сайд Д.Сумъяабазар “Шатахууны үнийг нэмэхгүй, 38-46 хоногийн нөөц бий” хэмээн мэдэгдэж байв. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу шатахуун худалддаг долоон компанийн 73 түгээх станцад хяналт шалгалт хийснээ мэдээлж, зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлж, зарим компанид торгууль ногдуулсан байдаг. Тодруулж хэлбэл, шатахууныхаа үнийг нэмж, хангамж нийлүүлэлтийг тасалдуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож байв. Мөн тэд хэвлэлийн бага хурал зарлан “Шатахууны үнийг нэмүүлэхгүй байх шаардлагыг манай байгууллагын зүгээс тавьж байгаа.
Бид үнэ нэмүүлэхгүй, иргэдэд дарамт үүсгэхгүй байх чиглэлд анхаарал тавин ажиллана” гэж мэдэгдэж байлаа. Ингээд багагүй хэл ам дагуулсны эцэст шатахууны үнийг буцаан хямдруулсан. Гэхдээ ингэж үнийг нь буулгахын тулд Үндэсний их баяр наадмын өмнө иргэдийн өргөн хэрэглэдэг шатахууны үнийг 100-150 төгрөгөөр нэмэхээр нууц тохироо хийсэн гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. ШӨХТГ-ынхантай холбогдон үнийн өсөлтийн талаар тодруулахад “Манайх байгууллага хоорондын өрсөлдөөнд хяналт тавьдаг болохоос үнийн өсөлтийг хариуцдаггүй. Иймд энэ талаар тайлбар өгөхгүй.
УУХҮЯ, АМГТГ-ын Үнийн зөвлөл шийддэг” гэж ярив. УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын даргатай холбогдоход АМГТГ-тай холбогд гэх хариу өгсөн юм. Харин тус газрын дэд дарга “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн бол Газрын тосны бодлогын хэлтсийн дарга нь утсаа авсангүй. Шатахууны үнийн талаар импортлогч хэд хэдэн компанийн төлөөлөлтэй холбогдоход тодорхой хариулт өгсөнгүй. Яг л үгсэн тохирсон мэт.
Бэлтгэсэн: А.Сүлд