
Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэлэлцэн тохирсон Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээврийн сүлжээг Европ болон Төв Азийн улсууд руу өргөтгөхөөр болжээ. Ингэснээр монголчууд Герман, Чех, Словак, Унгар, Польш улс руу ачаа тээвэрлэх боломж бүрдэх юм.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Европын холбооны улсуудтай байгуулах ажлын хүрээнд Герман, Чех, Словак улстай хэлэлцээрийн төслөө эцэслэн, баталгаажуулсан аж. Түүнчлэн өнгөрсөн даваа гарагт Унгар улсын Тээврийн яамны төлөөлөлтэй уулзан, хэлэлцээр хийснээр хоёр улсын хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх боломж бүрдэж буй гэнэ.
Дашрамд дурдахад, манай улс өнгөрсөн онд Унгараас 11.8 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ.