
Энэ жил Монголд ирж буй жуулчдын тоо дунджаар 15-20 хувиар нэмэгдэж байгаа. Харамсалтай нь наадам үзэх хүсэлтэй жуулчид Төв цэнгэлдэх хүрээлэнд багтахгүй болсон талаар Монголын Аялал Жуулчлалын Холбооны Удирдах Зөвлөл, Хяналтын Зөвлөл гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Жуулчид жил бүрийн долоодугаар сард манай улсад хамгийн их ирдэг. Энэ онд 12,000 гадны жуулчид наадмын нээлтийг үзэх хүсэлт гаргасан байна. Гэвч жуулчдад 2500 суудал хуваарилсан явдал бол 10 жуулчин бүрийн 2 нь л үзэж, үлдсэн найм нь хаалганы гадна үлдэхэд хүргээд байна.
Энэ талаар Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр хэлэхдээ "Наадам бол Монгол үндэстний имижийг жуулчдад таниулж, хөрөнгө оруулалт татах боломжтой чухал үе юм. Гэтэл наадмын тасалбар авч чадаагүйгээсээ болоод аялалаа цуцалж байгаа жуулчид ч байна. Энэ жил жуулчдад зориулсан суудлын тоог 1000-аар нэмж, дор хаяж 3500-д хүргэхийг хичээнгүйлэн хүсэж байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Бид энэ жил нэг сая жуулчин хүлээж авахын тулд маш их ажил хийсэн. Гэтэл энэ мэт асуудлаас болж, жуулчдаа алдаад байж болохгүй баймаар. Үлдсэн жуулчдыг хөдөө орон нутгийн бэсрэг наадмууд руу явуулах тал дээр анхаарна. Байнга энэ байдлаараа явах аргагүй тул цаашид шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж, саваа томсгох зайлшгүй шаардлага байгааг дуулгая" гэв.
Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзэх боломжтой