“Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдаан 11 жилийн дараа зохиогдож өчигдөр буюу 6 дугаар сарын 30-нд шилдгээ шалгарууллаа. Төгсгөлийн шатанд тунаж үлдсэн 18 охиноос шилдгийг шалгаруулахын тулд хоёр сарын турш тасралтгүй сорьсоор ялагчийг тодруулсан юм. “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Э.Энхриймаа шалгарч, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн боллоо.
Тэргүүн байранд орсон Э.Энхриймаа сэтгэгдлээ хуваалцахдаа “Энэ уралдаан намайг дахин төрүүллээ. Эхэндээ ялагч болох нь бүү хэл уралдаанд орохдоо ч итгэлгүй байсан. Намайг ээж минь энд авч ирсэн. Миний ээж барилгын инженер. Жинхэнэ сайхан бүсгүйг олоод ир гэвэл би ээжийгээ л хэлнэ. Болдогсон бол энэ титмээ түүнд өгмөөр байна. Харин зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байж боломгүй хэрцгий ханддаг юм билээ. Энэхүү уралдаанд би хүүхдийн хүчирхийллийн талаар илтгэл тавьсан. Бидний ирээдүй болсон хүүхдүүдийг бэлтгэх ёстой болохоос биш хүчирхийлэх ёсгүй. Хүндлэл хүндлэлийг төрүүлж, хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг. Хорвоо ертөнц муухай байлаа ч өөрийнхөө дотоод гоо сайхныг битгий алдаарай гэж хэлмээр байна” гэв. Энэхүү уралдааны онцлог бол гадаад гоо сайхныг бус дотоод сайхныг гаргаж ирэх байсан. Шалдан хүүхэн сайхан гэдэг ойлголтын эсрэг зогсож усны хувцасны гарааг халсан талаар зохион байгуулагчид тодотгож байв.
Есөн эрдэнийн шагналт байранд М.Ариунжаргал “Номин эрдэнэ”, Н.Тунгалагням “Тана эрдэнэ”, Н.Бадмаараг “Ган эрдэнэ” шагналыг тус тус хүртсэн бол Авьяаслаг сайхан бүсгүйгээр О.Олонбаяр, Оюунлаг сайхан бүсгүй Э.Энхриймаа, Хүмүүнлэг сайхан бүсгүй М.Цэвэлмаа тодорлоо. Төгсгөлийн шатанд шалгарсан 18 оролцогчийн хувьд 19-27 насны төрөл бүрийн салбарт боловсон хүчин болохоор бэлтгэгдэж буй оюутнууд байв.