"Монголын хүүхдүүд" хүндэтгэлийн тоглолтын талаар зохион байгуулагчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Аймаг нийслэлийн хүүхдийн урлагийн бага наадмаас шалгарсан 600 орчим хүүхдүүд Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатараар ахлуулж бэлтгэл ажилдаа орсон билээ.
Монголын үндэсний биет бус өвийг тээж, авьяасаа хөгжүүлж яваа хүүхэд багачуудыг дэмжиж энэ удаагийн наадмын нэгдсэн тоглолтыг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулжээ. "Монголын хүүхдүүд" хүндэтгэлийн тоглолтыг МҮЭСТО-нд 7 дугаар сарын 9-нд болно.
Тус наадмын ерөнхий найруулагч С.Сүхбаатар хэлэхдээ "Хүүхэд багачуудын урлагийн арга хэмжээнд ач холбогдол өгч наадмын хөтөлбөрт оруулсан явдалд баяртай байна. Бидэнд нийтдээ 150 сая төгрөгийн төсөв баталсан. Бүжгийн төрөлд л гэхэд 12 аймгаас 152 хүүхэд ирнэ. Замын болон бэлтгэлийн зардалд анх удаа хангалттай мөнгө авч байна" гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзэх боломжтой