Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан уламжлалт урлаг соёлоороо дамжуулан хойч үедээ нөлөөлөх бодлого хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хүүхдийн урлагийн “Яргуй” бага наадмыг өнгөрсөн сарын турш Улаанбаатар хот болон бүх аймгийн хэмжээнд явуулж, шилдгүүдийг тодруулсан юм.
Эхний шатны шалгаруулалтаас 800 гаруй хүүхэд оролцсон 255 уран бүтээлийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатараар ахлуулсан шүүгчдийн баг сонгосон байна. Монгол ардын уламжлал, биет бус өвийг тээж, авьяасаа хөгжүүлж яваа хүүхэд, багачууд, тэднийг удирдаж, зааж сургадаг багш нараа дэмжих бас нэгэн зорилготой эл арга хэмжээний шилдэг үзүүлбэрүүдийг Үндэсний их баяр наадмын нээлтийн хөтөлбөрт оруулахаас гадна долдугаар сарын 9-нд “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах юм.
Эдгээр тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар энэ онд 40 жилийнхээ ойг тэмдэглэж буй олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборынхон ажиллаж байна.