Засгийн газрын 145 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын виз олгох журмыг шинэчилж, энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэллээ. Энэ журмаар хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Тухайлбал, виз олгосон өдрөөс уг зөвшөөрөл нь 183 өдөр хүчинтэй байсан бол одоо 90 хоног болжээ.
Мөн виз олгох байгууллага нь Монгол Улсын харьяатаас гарсан, эсвэл манай иргэнээс төрсөн, гадаадын харьяат хүүхэд, тэдний гэр бүлийн гишүүнд Н ангиллын 90 хүртэл хоногийн, нэг болон хоёр удаагийн орох визийг зөвшөөрөлгүйгээр олгохоор болсон аж. Мөн гадаадын иргэн визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө нэг сарын хугацаанд манай улсын Зөрчлийн тухай хуулийн 16.2-т заасан зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн бол виз мэдүүлэхийг хориглох юм байна.
Өмнөх журмаар ийм зөрчил гаргасан хүн гурван сарын хугацаанд виз мэдүүлэхийг хориглодог байжээ. Түүнчлэн өмнө нь хэрэгжиж байсан журмаар виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан бол тухайн иргэн 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргаж болдог байсныг 30 хоног болгон өөрчилсөн байна. Мөн хөрөнгө оруулагчийн оршин суух зөвшөөрлийг гурван жил хүртэл хугацаагаар сунгадаг болж буй аж.
Манай улсад суралцах, магистр болон түүнээс дээш зэрэг горилогч гадаадын иргэн гэр бүлийн гишүүнээ урих боломжтой болов. Манай улсад оршин суух долоон өнгийн үнэмлэх байсныг уг журмаар нэг өнгөтэй, QR кодтой болгосон аж.