Олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Пипл ин Нийд” төрийн бус байгууллагаас Сүхбаатар, Архангай аймгийн малчдын өрхийн эдийн засгийн үнэлгээний тайланг хийснээ өчигдөр танилцууллаа. Судалгаанд тухайн аймгуудын тус бүр найман сумын 800 хүртэлх өрхийг хамруулан хөрөнгө, орлогоос нь хамаарч нэн ядуу, ядуу, дунд орлоготой, чинээлэг гэж ангилжээ.
Нэн ядуу өрхийн жилийн орлого 2-4 сая бол, чинээлэг өрхийнх 12-20 сая төгрөг аж. Мөн хонин толгойд шилжүүлсэн тоогоор хамгийн багадаа 100-200, ихдээ 1500-2000 малтай гэсэн дүн гарчээ. Харин амьжиргааны түвшнээс үл хамааран 0.07 га газар эзэмшин, мотоцикл, нарны зайн хураагууртай ба ус, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж ашиглалт адилхан байна гэв.
Өрхийн амьжиргааны зардлыг тооцох, онцгой нөхцөл байдлыг даван туулах, яаралтай үед хүн амд хүмүүнлэгийн тусламж хэрхэн үзүүлэх, ядуу буюу эмзэг өрхийн амьжиргааг дээшлүүлэх, малчдын хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг олон талын мэдээлэл хуримтлуулах зорилгоор уг судалгааг хийжээ.