Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 4-нөөс эхлэн ажил хаялт зарлах болсон тухайгаа өнөөдөр мэдээлсэн. Уг ажил хаялтад 207 эмнэлгийн 16 мянга гаруй ажилтан нэгдэхээ мэдэгдсэн байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэх боломж байгаа эсэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ "Эмнэлгийн ажилчдаас цалин хөлс нэмэх талаар санал, хүсэлт ирүүлж байгааг бид ойлгож байна. ЭМЯ, ХНХЯ-наас ажлын байрны ачаалалд нийцсэн цалингийн журам боловсруулж байгаа тул хийснээрээ авах нөхцөл бүрдэнэ. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ч иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж, ажил хаялт зарлахгүй гэдэгт итгэж байгаа. ОУВС-гийн төлөөлөл энэ сард Монгол Улсад ирнэ. Энэ үеэр Сангийн сайд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгох, төрийн албан хаагчийн цалинг нэмэх асуудлаар хэлэлцээрт орох юм. Үүний үр дүнд энэ оны аравдугаар сард цалин нэмэх боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна" гэв.