"My car" ХХК-ийн захирал Ч.Батболд ажлын байран дээрээ учир битүүлгээр амиа алдсан хэрэг гурван жилийн өмнө болсон. Тэгвэл дуулиант хэргийн талаар Ч.Батболд агсны ах өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын дараа бид энэ талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Хэвлэлийн хурлын бичлэгийг бүрэн эхээр хүргэж байна
-Гэр бүлийн тань дотны хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болжээ. Тухайн үед яг юу болсон талаар хуваалцаж болох уу?
-Одоогоос гурван жилийн өмнө миний дүү минь ажлын байран дээрээ амиа алдсан хэрэг гарсан. Гэхдээ би энэ удаад дүүгийнхээ үхлийн талаар ярих гэж ирээгүй. Нэгэнт бурхан болчихсон болохоор энэ олон жилийн дараа дахин дахин ярих надад хүнд байна.
-Та энэ хэргийн талаар баримт дэлгэнэ гэж байсан.
-Энэ хэргийн үйлдэгчийг хадмын талууд гэж сэжиглэн хардаж явсан үе бий. Гэхдээ хуулийн байгууллагууд илрүүлээгүй зүйлийг би хоосон хардаад хэрэггүй юм байна гэдгийг гурван жилийн дараа л ойлгож байна. Бид хоёр зулай зулайгаа гишгэн төрж, 15 наснаасаа хойш хамт ганзагын наймаа эрхэлсэн. Биднийг хуучин дугуйны загалмайлсан эцэг гэж найз нөхөд ярих үе ч байсан. Хэргийн гол нь би дүүтэйгээ дундаа санхүүтэй байсан. Ганц чихэр байсан ч хуваагаад иддэг байсан ах дүү хоёрт эд хөрөнгө хэний нэр дээр байх хамаагүй байлаа. Арай гэж хөл дээрээ тогтон бүх зүйл одоо л сайхан болох нь дээ гээд байж байтал дүү минь өөд болсон. Бидэнд барилга барихаар цуглуулж байсан гурван тэрбум төгрөг бий. Мөн Тасганы овоонд нэг газар байсныг зээл авхын тулд дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн. Дүүгийнхээ үхлийн дараа би хэрэгтнийг олно гэж улайрч яваад жилийн дараа цус харавсан. Одоо орлогогүй грүпд байна.
-Болсон үйл явдлаас гурван жилийн дараа хэвлэлд хандаж байгаа зорилго тань юу вэ?
-Тухайн үед дүүгийнхээ үхлийн үнэн мөнийг л олж байвал мөнгө төгрөг хэнд хамаатай юм гэж бодон омголон явжээ. Одоо дүү бид хоёрын бүх хөрөнгийг бэр маань захиран зарцуулж байна. Бэртэйгээ учир зүйгээ олох гэж хэвлэлд хандсан юм. Одоо би дахиж дүүгийнхээ үхлийг ярьж түүнийг зовоохгүй. Нэгэнт өнгөрсөн хэргийг мартаад мөнгөө л авмаар байна.
-Бэртэйгээ ярьж тохироод авч болдоггүй юм уу?
-Манай бэр Н.Уранцэцэг дүүгийн минь дөрвөн хүүхдийг төрүүлж өгсөн, хууль ёсны гэргий нь мөн. Гэвч бидэнтэй уулзахгүй байна. Очоод уулзвал хүн дарамталсан хэрэгт сэжиглэгдэж магадгүй тул хэд хэдэн удаа захиа бичсэн. Гэвч захианы хариу байдаггүй. Хэвлэлээр дамжуулж хүргэх гэсэн санаа маань "учраа олох цаг болжээ" гэж хэлэхийг хүссэн юм. Ийм хүнд хэргийн дараа эргэн холбогдоход хэцүү болдог юм байна.
-Хуулийн дагуу танд хөрөнгөө авах үндэслэлгүй болсон юм уу? Дүү, бэр хоёрынх нь харилцаа хэр байсан бэ?
-Байнга муудалцдаг байсан. Гэхдээ дөрвөн хүүхэдтэй эхнэр, нөхөр хоёр ойлголцох байх гэж бодон хэрэгт нь оролцохгүй байхыг хичээдэг байсан. Хуулийн дагуу ээжид минь нэг тэрбум төгрөг өгөх ёстойг саяхан мэдсэн. Хэрэв би өөрийн хөрөнгөө авна гэвэл дунджаар 5 тэрбумын асуудал сөхөгдөнө. Гэхдээ хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхгүй учраас бэр маань халгаахгүй байгаа бололтой. Ядаж ээжийг минь бодоод эргэн холбогдоно гэж найдаж байна.