Хүүхэд гэмтэх, амиа алдах эрсдэлтэй газар хаана байгааг цагдаагийн байгууллагынхан судалж, гудамж, талбай халгаатай байна гэдгийг сануулаад миний мэдэхээр таван жилийг үдлээ. Гэтэл нийслэл, дүүргийн холбогдох албаныхан тэдний анхааруулгыг үл ойшоосоор өдий хүрэв. Үүний уршгаар олон хүүхэд хөл, гараа хүү татаж, толгойгоо хагалсан. Харахад нүд халтирам сорвитой хүүхдүүд үүнийг гэрчилнэ. Мөн цаг бусаар амиа алдсан багачуудын эмгэнэлт түүх ч нотлох биз. Гэвч манайхан өнөө л хэнэггүй, хойрго зангаараа, урьдчилан сэргийлэх бус, осол гарсны дараа засаж, залруулахыг оролддог хэвээрээ.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд гурван хүү амиа алдаж, нэг охин бэртэв. Хэний ч санаанд оромгүй харамсалтайгаар нас барсан тэд хариуцлагагүй, хайнга байдал газар авсныг сануулж, холбогдох албаныхан хяналт шалгалт хийн, таггүй траншей, цахилгааны ил гарсан утасны талаарх мэдээллийг цуглуулж, засаж эхэллээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан утас нь ил гарсан гэрлийн шон 1800 гаруй байна гэж тоолжээ. Одоогоор 1300-гаадыг нь аюулгүй болгосон гэнэ. Гэвч хэн нэгний амийг авч мэдэхээр, отож буй хар нүх, цахилгааны утас, хурц ирмэгтэй төмөр өчнөөн байна.
Улаанбаатарын иргэд тав алхаад цахилгааны утастай таардаг. Хэрэв тэр нь цахилгаантай байвал хүрсэн хүн амиа алдаж мэднэ. Бороо орж, зам, талбай үерийн усаар дүүрвэл нийтийг хамарсан томоохон осол гарах магадлалтайг анхааруулах хүн цөөнгүй байна. Гэтэл энэ зөрчлийг арилгуулах газар, хэлтэс, албан тушаалтан олдсонгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхны хэлснээр тийм утаснууд бүгд эзэнгүй ажээ. Аль нэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн үйл ажиллагаа эрхлэхдээ цахилгаан авхаар утас татаад, нүүхдээ орхиод явдаг гэнэ. Ялангуяа, ТҮЦ эрхлэгчид ийм зөрчил гаргах нь олон аж.
- Нийслэлд гэрлийн 40 000 гаруй шон байдаг. Энхтайваны өргөн чөлөөнөөс авхуулаад хотын зах орчмын шонгуудын хамгаалалтын тагийг хулгайч авснаас болж 7000 орчмыг нь солих шаардлагатай болжээ.
- “Нээлттэй Улаанбаатар” иргэдээс мэдээлэл авах төвд сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт 240-260 дуудлага, мэдээлэл ирж байгаагийн 50 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь эрсдэлтэй холбоотой байна.
- Ашиглахгүй болсон траншей Улаанбаатарт 700 гаруй бий бөгөөд 30 орчим хувь нь таггүй.
Тэр бүгдийг аюулгүй болгох үүрэг харьяа хороо, дүүргийнхэнд л ногдох бололтой. Гэтэл дүүргийн удирдлага эл зөрчлийг яаж арилгахаа мэдэхгүй, хариуцсан байгууллагуудад хаяглаж сууна.
Хүүхдийн амь залгиж мэдэхээр аюултай зүйлсийн талаар иргэд нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвд мэдээлж буй. Тус төвийн ахлах мэргэжилтэн н.Удвалын хэлж байгаагаар ийм мэдээлэл өдөрт 100-120 ирж буй гэнэ. Сүүлийн арав гаруй хоногт гэхэд энэ төрлийн дуудлага 1000 гаруй иржээ. Тэд дуудлага, мэдээллийг аваад холбогдох албаныханд уламжилдаг гэнэ. Гэтэл таггүй зарим траншей, эвдэрхий тоглоомтой талбайг хариуцах эзэн олддоггүй гэсэн.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 8000 орчим траншей бий гэх. Зам, барилгын бүтээн байгуулалттай холбоотой зарим траншейг ашиглалтаас гаргадаг, тэр нь эзэнгүй үлддэг юм байна.
Баянгол дүүргийн иргэн Болд “Хогоор дүүрчихсэн, ашигладаггүй траншей III, IV хороололд нэлээд бий. Саяхнаас иргэд энэ талаар нийслэлийн удирдлагад уламжлах болсон. Засах, эсэхийг нь даанч мэдэхгүй. Манайхан хойрго шүү дээ, ийм ажилд. Наадмын дараа л мартчихна. Би СОТ-ын байрнуудын дунд байдаг тоглоомын талбайг засуулахаар удаа дараа хэлсэн. Хорооныхон ч тоодоггүй юм билээ. Төмөр гулгуур нь эвдэрчихсэн. Хуванцрынх нь хаалт унаад хүүхдүүд унаад, бэртэж байна. Ногоон байгууламжийнх нь хашаа, хайс шовх үзүүртэй. Ер нь Улаанбаатарын юм бүхэн хүний амь, эрүүл мэндэд халгаатай болжээ” хэмээн ярьсан.
Гар хүрч, хөл алдан унах төдийд нь хэн нэгнийг бэртээж, цаашлаад амийг нь авч мэдэх энэ бүгдийг зэвсэгтэй зүйрлэж болохоор. “Манайх хариуцахгүй”, “Тэднийх засах ёстой” гэж нэгэн рүүгээ чихсээр байх хооронд хүний амь эрсэдсээр байг уу. Мөн бусдад аюул учруулж буй хувь хүн, иргэдэд ногдуулах хариуцлагыг чангаруулах шаардлага ч тулгарлаа. Хүүхэд эндсэн хар мэдээтэй өдрүүдэд хийсэн шалгалтаа холбогдох албаныхан цаашид ч үргэлжлүүлнэ гэж найдъя.
БАЙР СУУРЬ
Хүмүүс дур мэдэн цахилгаан холбоод, утсаа ил орхидог
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Р.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Гэрлийн шонгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хэзээ хангуулж дуусгах вэ?
-Ирэх даваа гарагаас урьтаад төлөвлөсөн ажлаа дуусгах төлөвтэй байгаа. Улаанбаатар зам засвар, арчлалтын газартай нийлээд 13 байгууллага уг ажлыг гүйцэтгэж буй тул хугацаандаа амжина.
-Цахилгааны утас ил гарч буй нь юутай холбоотой вэ?
-Төмөр хаалтыг нь хүмүүс авч явснаас үүдэлтэй. Бид шонгийн хамгаалалтын тагийг хуванцраар хийхээр төлөвлөж байсан ч хугацаа давчуу болохоор гөлмөн төмрөөр хийлээ. Иргэд дур мэдэн цахилгааны холболт хийгээд, утсаа ил орхидог. СӨХ-д нь ч үүнийг тоодоггүй.
-Таггүй траншей цөөнгүй байна. Тэдгээрийг ямар байгууллага засах үүрэгтэй бэ?
-Тийм траншейн талаар цөөн мэдээлэл ирсэн. Уг нь ямар ч траншей таггүй байх ёсгүй. Гэтэл автомашины дугуйн эргэлтээс үүдээд заримынх нь таг цөмрөх тохиолдол бий. Тэр бүгдийг нийслэлийн холбогдох инженерийн багийнхан тухай бүрт нь засуулдаг. Бид дотоод сүлжээндээ иргэдийн гаргасан энэ мэт гомдлыг байрлуулж, холбогдох албаныхнаар засуулдаг. Өдөрт 100 гаруй зөрчлийн мэдээ ирж байна. Хамгийн сүүлд, уржигдар гэхэд хоёр траншейг засуулсан. Кабелийн трассыг нь өөрчилсөн зэрэг ашиглалтаас гарсан траншейг л хариуцах эзэн алга.
Бэлтгэсэн: Г.Цэцэг