Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар ярилцсан байна. Тодруулбал, Монгол Улсаар дамжин өнгөрөх, мөн түр хугацаагаар манайх руу орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд С, B, D карней дэвтэр болон бусад бичиг баримт олгодог ажлыг Монголын автомашин, мотоциклын спортын холбоонд шилжүүлсэн юм.
Энэ талаар болон цаг үеийн зарим асуудлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхдээ ямар шаардлага тавьсан бэ?
-Олон улсын тээврийн байгууллагад бүртгэлтэй, олон нийтийн байгууллага байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Ингэснээр олон улсын түвшинд тээврийн байгууллагууд хамтарч ажиллах боломж бүрддэг. Монголын автомашин, мотоциклын спортын холбоо уг сонгон шалгаруулалтад тэнцсэн.
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутгийн авто зам барих мэдээлэл бий. Аль аймгийн авто замыг шинэчлэн барих вэ?
-Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг УИХ соёрхон баталсан. Энэ зээлийг Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын даацын бэхжүүлэлт болон суурийг нь шинэчлэхэд зориулна. Бүтээн байгуулалт нь энэ намар, эсвэл ирэх хавраас эхэлнэ.
-МИАТ-ийн нислэг зорчигч багатай, зарим тохиолдолд хоосон явдаг гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархлаа. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Бид шатахуунаа гадаадаас авдаг. МИАТ компани хэмнэлттэй ажиллах үүднээс зарим тохиолдолд шатахуунаа тээвэрлэх, мөн ачаа ихтэй үед онгоцны ачаалал нэмэгдэх учир цөөн зорчигч авах нөхцөл үүсдэг. Өөрөөр хэлбэл, онгоцны ачаалалтай уялдуулан зорчигчдын тоог гаргадаг.