Шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан Зам тээврийн бодлогын зөвлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улс жилдээ 800-1400 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 95-99 хувийг нь ОХУ-аас, тэр дундаа Рофнефть компаниас хатуу валютаар худалдан авдаг. Тэгвэл чоно борооноор гэдэг шиг ард түмэн наадам, хөлбөмбөг гээд сатаарах зүйл ихтэй амралтын үеэр бензиний үнийг нэмсэнийг хурлын үеэр тодотгож байлаа.
Ардчилсан намын Зам тээврийн бодлогын зөвлөлийн гишүүн Д.Болорсүрэн хэлэхдээ "Шатахуун гэдэг Монголчуудын хувьд стратегийн бараа. Нүүрс, зэсээ зарж олсон хэдэн валютаараа шатахуун аваад дуусах уу. 2013-2016 онд шатахууны үнэ огт нэмэгдэж байгаагүй. Гэтэл Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нар ерөнхий сайд болсноос хойш 700 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Үүнд төр зохицуулалт хийх хэрэгтэй" гэв.
2018 оны 7 дугаар сар 9-ний өдөр 12:30 болон 18:30 цагт нэг минутын турш өөсрдийн машины дуут дохиог дуугаргаж, шатахууны нэмэгдэлд эсэргүүцлээ илэрхийлэх явдалд нэгдэхийг уриаллаа.