БСШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан, технологийн танхим хамтран “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа 2018” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Хоёр орны шинжлэх ухаан, технологийн ололт, инновацын бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс Өвөр монголын компанийн бүтээсэн сансрын хиймэл дагуул ашиглан мал маллах систем онцлог байв. Малчид хиймэл дагуултай холбоо бүхий төхөөрөмжийг адуу, малдаа зүүснээр ухаалаг утсаараа байршлыг нь тогтоох боломжтой аж. Үүнээс гадна малынхаа бүрэн бүтэн байдал, ойр тойрныг ч харж болох камертай нисдэг төхөөрөмжийг удахгүй бүтээх гэнэ .
Тус компани мал аж ахуйн цогц систем бүтээхийг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд ухаалаг усан хангамжийн төхөөрөмж бүтээсэн байна. Үүнийг худагт суурилуулснаар малын усалгааг алсын зайнаас тохируулна. Ингэхдээ ухаалаг утас болон сүлжээгүй үед ашиглаж болох удирдлагаар усыг нээж, хаах, нэмэх, хасах зэрэг үйлдэл хийх юм байна. Тун догь, авууштай санаа аж. Эднийх салбар дэлгүүрээ Монголд нээхээр төлөвлөсөн гэдгийг дэд захирал Т.Сансар нь хэлэв.
МҮХАҮТ-д хоёр хоног үргэлжлэх тус үзэсгэлэнд Монголын 20, ӨМӨЗО-ы мөн тооны компани, аж ахуй нэгж бүтээлүүдээ дэлгэжээ.
БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл “Бид БНХАУ-тай хамтран технологийн инкубатор байгуулах, Технологи дамжуулах төв болон лабораториудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодит үр дүнд хүрэх томоохон төслүүд хэрэгжүүлнэ” гэлээ.
Дээрх үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдийг энэ сарын 6-9-нд “Мишээл экспо” төвд мөн дэлгэх юм байна.