Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар хэлэлцлээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын бороотой, борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүсэх, шөнөдөө 4-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байх урьдчилсан төлөвтэй байна. Иргэдийн амралт, аялалын энэ цаг үетэй холбогдуулж, Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Аврах анги-105-ын 2 бүлэг өдөр бүр завьт эргүүлээр, нэмэлтээр Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 бүлэг хөдөлгөөнт эргүүл хийж, ард иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулан ажиллана. Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэж танилцуулав.
“Нийслэлийн Засаг даргын 02 тоот албан даалгаврын дагуу ЕБС, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын, тоглоомын талбайд хийсэн хяналт шалгалтаар 32 хорооны Засаг дарга нар, 18 боловсролын байгууллага, ААНБ, 13 иргэн, 72 СӨХ-д мэдэгдэл хүргүүллээ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамжны явган хүний зам хаасан “Жинхэнэ уянга” ХХК-ийн газар ашиглалтын байдалд шалгалт хийж, тус компани нь нийтийн эзэмшлийн талбайд зогсоол болон багана барих ажил хийж байсныг зогсоон зөрчлийг арилгуулан ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. “Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах, Нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, Худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг сар болгон танилцуулах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд болон ажилтнууд баталсан графикийн дагуу 2018 оны ээлжийн амралтаа эдлүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох гар утсаа нээлттэй байлгах, орлон ажиллах албан тушаалтыг томилж, ажлын байрыг эзэнгүйдүүлэхгүй байх, төрийн ажил үйлчилгээ тасалдал, хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үргэлжлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.