Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өчигдөр Хүй долоон худагт боллоо. Энэ жилийн их насны морьдын уралдаанд газар газрын 386 хүлэг шандасаа шалгаснаас Багахангай дүүргийн Ганбаатарын Буянтогтохын халзан морь түрүүлсэн юм.
Харин аман хүзүүнд Тод манлай уяач Ц.Батсайханы бор, айргийн гуравт Дундговь аймгийн Б.Дагва-Очирын хул халзан морь хурдалж, дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн хүрэн, тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд оржээ.
Харамсалтай нь 25 км зайд уралдаж байсан хэд хэдэн их насны морьд бахардаж уналаа. Зарим нь бүр дусал залгуулж, хурдан морь унаач хүүхдэдээ чирүүлж байгаа харагдана.