ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ санаанд оромгүй тоглолтуудыг үзүүлсэн. Тэмцээн дууссан ч хөлбөмбөгтэй холбоотой дуулиан шуугиан тасарсангүй. Дэлхийн хамгийн хурдан хүн буюу Усайн Болт Австралийн хөл бөмбөгийн клубт нэгдэж магадгүй байна. Өдгөө 32 настай тэрбээр Австралийн “Central Coast Mariners” клубт орохоор хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлэл гарчээ.
Ямайкийн тамирчин Усайн Болт нь Олимпоос найман алтан медаль хүртсэн гайхалтай амжилтын эзэн боловч өнгөрсөн онд хөнгөн атлетикийн спортоо орхиж, зодог тайлсан билээ.
Тэрээр хөлбөмбөгийн мөрөөдлийнхөө талаар Формула-1 уралдааны үеэр сэтгүүлчдэд ярьж байсан удаатай. Түүнийг "Дортмунд" клуб бэлтгэл хийх санал тавьж байжээ. Гэвч өвдөгний гэмтлээ бүрэн эдгээхийн тулд тэр урилгыг хүлээж авхаа түр хойшлуулаад байсан гэнэ. Харин энэ удаад “Central Coast Mariners” эхний ээлжид зургаан долоо хоногийн хугацаанд Усайн Болтыг туршилтаар тоглуулсны дараа гэрээ хийх эсэхээ шийдэх аж.