Румын улсад хэдхэн хоногийн өмнө болсон Олон улсын математикийн 59 дүгээр олимпиадад оролцсон Монголын зургаан сурагч бүгд медаль хүртэн, бахархам амжилт гаргаад буй. Тэгвэл олон улсын бас нэг олимпиадад манай сурагчид амжилттай оролцсон мэдээ ирлээ. Тодруулбал, Иран улсын Тегеран хотод энэ сарын 15-22-нд болсон Олон улсын биологийн 29 дүгээр олимпиадад эх орноо төлөөлж оролцсон Д.Нарангарвуу ахлагчтай Монголын баг хоёр хүрэл медаль хүртжээ. “IBO 2018”-д дэлхийн 71 орны 500 гаруй багш, сурагчид өрсөлдсөн байна. 1990 оноос тогтмол зохион байгуулж буй эл олимпиадад нэг улсаас хамгийн ихдээ дөрвөн сурагч өрсөлдүүлдэг бөгөөд оролцогчдыг оноогоор нь жагсааж, эхний 10 хувьд нь алт, 20, 30 хувьд нь мөнгө, хүрэл медаль өгдөг журамтай. Манай улс Олон улсын биологийн олимпиадаас өмнө нь хоёр медаль хүртсэн бол энэ жил дахин хоёроор нэмлээ. Гурав болон дөрөв дэх хүрэл медалийг “Орчлон” сургуулийн сурагч А.Ашид, “Болор” дунд сургуулийн сурагч Б.Билгүүн нар эх орондоо авчирчээ.