Худалдаа хөгжлийн банкны төв салбар буюу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх шинээр баригдаж байгаа барилга нь зэргэлдээ байгууллагуудынхаа аюулгүй байдлыг алдагдуулж байгаа талаар оршин суугчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар ХХБ-аас найман км-ийн зайд үйл ажиллагаагаа явуулдаг “Макс” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранцогтоос тодруулга авлаа.
-Худалдаа Хөгжлийн банк 2005 онд салбар барилгаа нурааж байсан бол энэ сараас эхлээд өргөтгөлийн ажилдаа оржээ. Энэхүү өргөтгөлийн ажил танай байгууллагад хэрхэн нөлөөлж байна вэ?
-Худалдаа хөгжлийн банк нь нийтийн эзэмшлийн зам талбайг оролцуулан хашаа барьсан ба 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс барилгын ажлаа эхлүүлэхдээ хууль бус, балмад үйл ажиллагааг хүч түрэмгийлэн явуулж, иргэд олон нийт, хөрш зэргэлдээ барилгын өмчлөгчид, түрээслэгчид болон бусад иргэдийн эрх ашгийг зөрчиж, аюулгүй байдалд нь эрсдэл учруулж байна.
-Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Тус банкны барилгын гүйцэтгэгч болох “Рийверстөүн пропертис” ХХК, “Эгц шугам” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний шөнө амралтын цагаар нийтийн эзэмшлийн зам талбайд байсан газар доорх бохир усны шугамыг өөрийн барилгын талбайгаас зайлуулах гэж оролдсон. Ингэхдээ нийтийн эзэмшлийн явган зам талбайг хуулж, өөрийн барьсан хамгаалалтын хашааг сунган барьснаас үүдэн явган зорчигчид чөлөөтэй зорчих боломжгүй болголоо.
-Та бүхэн шаардлага тавьж, эв зүйгээр шийдэх гэж оролдсон уу?
-Худалдаа Хөгжлийн Банк, нийтээр эзэмших ёстой шугам сүлжээ бүхий газрыг хууль бусаар өөрийн эзэмшилд авсан байх ба уг газар дээр 28 давхар барилга барихаар төлөвлөж буй нь орчны барилгуудын аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой байдал үүсгээд байхад үл хайхран барилгын ажлаа хүч түрэмгийлэн эхлүүлээд байна. Тухайлбал, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны шинээр барихаар төлөвлөж буй барилгын бичиг баримтад хяналт шалгалт хийгээд зэргэлдээ орших нийтийн орон сууц, Дүрслэх урлагийн музейн барилга орчны аюулгүй байдлыг хангаагүй, явган болон автомашины хөдөлгөөний аюулгүй байдал орц гарцыг шаардлагын дагуу шийдвэрлээгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 14, 16, 17, 25, дугаар зүйлүүдэд заасан шаардлага хангагдаагүй байна. Иймд шинээр барихаар төлөвлөсөн оффисын зориулалттай 28 давхар барилга орчны барилгуудын буурь сууринд нөлөөлөх эсэхийг тодорхойлуулсны дараа барилгын ажлыг эхлүүлэх шаардлагыг Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн. Гэвч уг шаардлагыг үл хайхран бүх нийтийн амралтын өдөр, баярын өдрийг далимдуулан шөнийн цагаар 70 орчим бөхчүүд, залуучуудыг хөлслөн хүч түрэмгийлэн дайрч, олон нийтийн өмч хөрөнгийг сүйтгэх, хүний бие, өмч хөрөнгөд бүдүүлгээр халдах арга замаар барилгын ажлыг эхлүүлэн явуулж байна.
-Энэхүү эсэргүүцэл мөргөлдөөнд хүргэсэн юм байна. Хэдэн хүний бие махбодид гэмтэл учруулсан бэ?
Худалдаа хөгжлийн банкны хууль бус үйл ажиллагаа, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болж Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэгч ажилтан, хөлсний бөхчүүд, балмад дээрэнгүй залуучууд нийт дөрвөн хүний биед гэмтэл учруулсан, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулаад байгаа ба цаашид ч энэ байдал давтагдах иргэд олон нийт илүү ихээр хохирох нөхцөл байдал үүсээд байна. Хохирсон иргэд, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ Худалдаа хөгжлийн банк, түүний гүйцэтгэгч байгууллагуудтай тэмцэж, хуулийн дагуу эрх хамгаалуулахаар оролдож байгаа ч хөрөнгө мөнгө ихтэй Монгол Улсын толгой том банкны өмнө хүчин мөхөсдөж байна.
-Барилга хоорондын зай 15 метр байх ёстой. Тэгвэл ХХБ-тай хэдэн метрийн зайтай байгаагаа хэмжилт хийж үзсэн үү?
-Худалдаа хөгжлийн банкны шинээр барихаар төлөвлөж буй барилга нь 28 давхар, газар доошоогоо гурван давхар бүхий өндөр барилга ба хөрш зэргэлдээ барилгаас 8-11 метр орчим зайтай барихаар төлөвлөсөн. Энэ нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т: “барилга байгууламж нь зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж заасныг зөрчиж, орчны барилгуудын тэсвэртэй байдал, галын аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Яг хажууд нь байрлах “Занабазарын музей”-н барилгын холбогдох нормыг зөрчиж байгаа юм. Барилгын дүрэмд нэгээс нөгөөд гал дамжих боломжгүй байх, аль нэг нь нурахад үүсэх гал түймрээс хол байхаар зайтай төлөвлөсөн байхыг шаарддаг. Дээрх шаардлагыг хангалгүйгээр барилгын ажлыг явуулж байна.
-Тэгвэл эрх мэдэлтнүүд хууль бус зөвшөөрөл өгсөн гэсэн үг үү?
-Дээрх хууль бус үйл ажиллагааг Худалдаа хөгжлийн банк явуулах үндэслэл, нөхцөлийг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд бий болгосон. Худалдаа хөгжлийн банк нь барилгын ажлыг эхлүүлэхийн өмнөх холбогдох зөвшөөрлүүдийг авахдаа Барилгын тухай хууль, барилгын холбогдох норм ба дүрмийг зөрчсөөр ирсэн байтал төрийн эрх бүхий байгууллага архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг төслийг баталж зөвшөөрөл олгож байгаа нь хууль бус байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр эрх мэдлээ хэтрүүлж, тус барилгын гүйцэтгэгч байгууллагад шугам сүлжээ зөөх зөвшөөрөл олгосныг барьж барилгын ажил гүйцэтгэгч нь хүч түрэмгийлэн ажлаа хийсээр байна.