ОБЕГ-аас сүүлийн үед тохиолдож буй гамшиг, ослын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сүүлийн хоёр сар үер усны аюул монгол орны хэмжээнд өндөр байлаа. Үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, завьт болон морьт эргүүлийг гарган ажиллаж байгаа талаар хурлын үеэр мэдэгдэв.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан Б.Мягмардорж хэлэхдээ "Үер усны аюул нүүрлээд байгаа энэ үед орон даяар 57 удаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явууллаа. Завьт болон морьт эргүүлийг гаргаж, цагдаагийн байгууллагатай хамтран тасралтгүй ажиллаж байна. Үер усны дуудлагын 43,3 хувьд нь иргэдийн гэр, хашаанд ус орсон гэсэн дуудлага байлаа. 23, 24-ний үед барилга байгууламжийн доод талаас хөрсний ус нэвчиж гарсан гэх дуудлага ирж эхэллээ. ХУД-ийн 11, 12-р хорооны 40 гаруй барилга байгууламжийн доороос газрын хөрсний ус гарч байна гэх дуудлага ирсэн. Улмаар ажлын хэсэг томилсон. Шалгалт хийсний дүнд тог цахилгааны аюултай байдал үүсэх нөхцөл үүссэн тул цахилгааныг таслаад байна. 290 гаруй албан хаагч, 46 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа" гэв.