Монгол, Оросын Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын 100 алба хаагчид оролцсон хамтарсан сургуулилт ОХУ-ын Буриадын БНУ-д боллоо. Үүнээс 46 нь Монголын аврагчид байсан бөгөөд тэд мэргэжил нэгт орос нөхдийн хамт онцгой нөхцөлд аврах ажиллагааг хэрхэн гүйцэтгэх сургуулилтыг хийсэн байна. Тухайлбал, техникийн гэмтлийн улмаас агаар мандалд хөөрч чадалгүй Улаан Үүд хотын ойролцоо газардсан сансрын хөлгөөс нисгэгчдийг аврах ажиллагааг явуулсан бөгөөд нисгэгчдийн дүрд Монголын хоёр, Оросын нэг алба хаагч тогложээ. Сансрын хөлөг буусан газрыг олж илрүүлэх ажиллагааг аврагчид шуурхай явуулж, илүүлсэн даруйд эмч нарын хамт нисдэг тэргээр хүрэлцэн очиж нисгэгчдийг аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн байна. Сансрын нисэгч, ЗХУ-ын хошой баатар Владимир Жанибеков, ЗХУ-ын баатар Олег Котов, ОХУ-ын Агаарын тээврийн улсын агентлагийн орлогч дарга Александр Ведерников нар тус сургуулилтад байлцжээ. Сургуулилт Монгол, ОХУ-ын талын 2006 оны тохиролцооны дагуу хоёр жил тутам зохион байгуулагддаг уламжлалтай.