Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд өнөөдрөөс эхлэн 29-нийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлэхээр болж, Соён гэгээрүүлэгч, яруу найрагч, говийн тавдугаар ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Хурмаст тэнгэр” яруу найргийн наадмыг зохион байгуулах юм. Мөн өнөөдөр 12:00 цагт Ноён хутагтын есдүгээр дүрийн гэгээнтэн Данзанлувсантүдэв "Хүүхдийн ордон"-д сүсэгтэн олон түмэнд ерөөл айлдах юм байна.
XIX зууны үеийн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч, буддын шашны нууц тарнийн их мастер, говийн тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар ард Дулдуйтын гэрт мэндэлжээ.