Ирэх оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Өдгөө БОАЖЯ, ЭХЯ зэрэг холбогдох байгууллага сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, үнийн тэнцвэртэй байдлыг судалж буй. Тэгвэл ирэх намар буюу есдүгээр сарын сүүлээс эхлэн нийслэлийн гэр хороололд “Сайжруулсан түлш” төслийг туршилтаар хэрэгжүүлэх болжээ.
Үүнд агаарын бохирдлын голомттой бүсийн 20 мянган өрхийг хамруулах гэнэ. БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэг “Өмнө нь бид сайжруулсан түлшний цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Алдсан зүйл их бий. Түүнийгээ давтахгүйн тулд гэрээнээс эхлээд хариуцлага, хяналтын тогтолцоог яаж шийдэх вэ гээд бүгдийг нарийн судалж байна.
Туршилтын төсөлд хамрагдах айлууд нэг дор байх ёстой. Агаарын бохирдлын I бүсэд амьдардаг өрхүүдэд нэн түрүүнд сайжруулсан түлш олгохоор тооцоолсон” гэв.