“Барс” захын ойролцоо өчигдөр задгай сүү литр нь 1300 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь нэг жилийн өмнөхөөс 100-200 төгрөгөөр өссөн дүн гэнэ. Хоёр дахь жилдээ сүү зарж буй н.Янжмаа “Бид сүү нийлүүлэгдчээсээ нэг литрийг нь 1100 төгрөгөөр авч, өдөрт 50 орчим литр сүү зардаг. Одоогоор хотын ойролцоох малчид литр сүүг 700-800 төгрөгөөр зарж байгаа” гэлээ.
Харин үйлдвэрээсээ хамаарч нэг литр сүү хамгийн багадаа 2400-2500, зарим зах, дэлгүүрт 2650-2800 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” худалдааны төвийн АПУ, “Витафит”, “Сүү” зэрэг компанийн сүү, сүүн бүтээгдэхүүний гэрээт борлуулагчид “Компаниуд сүүний үнээ өвөл нэмээд, зун нь эргээд буулгадаггүй. Зуны улиралд задгай сүү худалдаанд гардаг ч томоохон зах, хүнсний дэлгүүрүүдэд зарах боломжгүй тул үйлдвэрийн сүүний эрэлт буурдаггүй” гэлээ.
Нийслэлийн Статистикийн газраас гаргасан сүүлийн гурван жилийн дүнгээс харахад үйлдвэрийн нэг литр сүүний үнэ 20 гаруй хувиар өсчээ. Дашрамд дурдахад, манай улс жилд 300 орчим сая тонн сүү бэлтгэдэг байна. Түүнээс зах зээлд 200 гаруй аж ахуйн нэгж 80 сая тонн сүү боловсруулж нийлүүлдэг бол 4000 тонн хуурай сүү импортолдог аж.
Сүүний үнийг тогтвортой байлгах, иргэдийг хямд, эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох “Бидний зорилго бол хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг тогтвортой “барьж”, аль болох хямд үнээр хэрэглэгчдэд очих боломж бүрдүүлэх юм. Иргэдийн зүгээс үйлдвэрүүд малчдаас хямд сүү аван боловсруулж, савлаад бидэнд өндөр үнээр зардаг хэмээн гомдоллодог.
Гэвч тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдан авах болон зарж борлуулах үнийг хянах боломжгүй. Одоогоор манай үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлынхаа 8-10 хувийг л ашиглаж байгаа. Бид Мах, сүүний анхдугаар аяныг өрнүүлснээр сүүний чиглэлийн, ашиг шим өндөртэй сүргийн тоо толгойг өсгөж, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг орон нутагт байгуулах ажлыг эхлүүлсэн. Ингэснээр бүтээгдэхүүний гарц, үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ нь тогтвортой байх боломжтой” гэлээ.