“2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 09.51 цагт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Турк улсын иргэн, Монгол-Туркийн хамтарсан "Улаанбаатар эмпати" сургуулийн захирал Акчая Виселийг үл таних хүмүүс хулгайлсан хэрэг гарсан. Тэгвэл Монголын төр, иргэд, сэтгүүлчид шуурхай ажилласны дунд Турк улсын иргэн Акчая Виселийг Монголд үлдээж чадлаа. Түүнийг авахаар ирсэн гэх СТ 4010 дугаартай онгоц 21.30 минутад Буянт Ухаагаас хөөрсөн.
Вейсел Акчай болсон явдлын талаар мэдэгдэл хийхдээ “Би “Элит” сургуулийн засварын ажлыг шалгах ёстой байсан тул 10:00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад иртэл гэрийн үүдэнд үл таних хүмүүс машинаас буугаад над руу чиглээд ирсэн. Сайн зүйл болохгүй нь гэдгийг ойлгоод буцаж зугтахыг оролдсон боловч хоёр гарнаас минь барьж, сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан. Энэ хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна.
Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо.
Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” гэв.