ЭЦА-наас шүүх эмнэлэг рүү авч явах үеэр. 2018.07.28 01.30 цаг
Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнгөрсөн баасан гарагийн 10.00 цагийн үед гэрээсээ гарахад нь үл таних хүмүүс хулгайлсан явдал шуугиан тариад байгаа. Монгол дахь турк сургуулиудын удирдлага, төгсөгчдөөс эхлээд манай улсын Засгийн газар, хууль хүчний байгууллагынхан хүч нэмэн оролцож, түүнийг Туркийн онгоцонд суулгалгүй авч үлдэж чадсан. Болсон үйл явдлын талаар товч өгүүлье.
Вейсел Акчай эрх чөлөөтэй болсныхоо дараа “Би “Элит” сургуулийн засварын ажлыг шалгахаар гэрээсээ гартал үүдэнд үл таних хүмүүс машинаасаа буугаад над руу чиглээд ирсэн. Сайн зүйл болохгүй гэдгийг нь ойлгоод буцаад зугтахыг оролдсон ч хоёр гарнаас минь барьж сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа мэт донсголгоотой замаар явсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хууль, хяналтын байгууллагынхан маш их ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн мэдээллээ цахим сүлжээнд байршуулжээ.
Түүнийг үл таних этгээдүүд хулгайлсныг баасан гарагийн 13.00 цагийн үед “Улаанбаатар эмпати” сургуулийн Монголын талыг хариуцсан ерөнхий захирал Б.Ганбат анх мэдээлсэн. Тэрбээр мөн 14.00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд Туркийн онгоц буусан талаар хэлсэн бөгөөд турк сургуулийн багш, төгсөгчдийг энэ үйл явдлыг эсэргүүцэн, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд очихыг уриалсан юм. Ийн Монголд хүн хулгайлах гэмт хэрэг гарсныг мэдээлснээр энэ хэргийн эргэн тойронд олон үйл явдал өрнөсөн.
Туркийн тусгай зориулалтын “ТТ 4010” онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан нь
Станбулаас Улаанбаатарт газардсан “ТТ 4010” онгоц 21.00 цагийн орчим “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас хөөрсөн. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Туркээс ирсэн онгоц газрын үйлчилгээ аваад буцаж ниссэн. Нэг ч хүн нэмж бууж, суугаагүй” хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.
Харин “Улаанбаатар эмпати” сургуулийн Монголын талыг хариуцсан ерөнхий захирал Б.Ганбат “Ийм онгоцоор өмнө нь буюу 2017 оны есдүгээр сарын 27-нд Казахстан дахь Турк сургуулийн захирлыг баривчилж, авч явж байсан” гэж мэдээлсэн юм. “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд Монголын хууль хүчний байгууллагынхан цугларч, тус онгоцонд байгаа хүмүүсийг буулгаагүй аж. Харин уг онгоцонд Туркийн дөрвөн иргэн байсан бөгөөд бүгд дипломат халдашгүй эрхтэй гэсэн мэдээлэл гарсан.
Ардчилсан намын удирдлагууд энэ асуудлаар мэдээлэл хийсэн. Тус намын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын тусгаар тогтнол, Үндсэн хуулийг зөрчсөн нь онцгой асуудал юм. Үндсэн хууьд заасан хамгаалалтыг үгүйсгэн орж ирж буй гадаадын байгууллагын үйлдлийг яагаад ч зөвтгөж болохгүй. Энэ бол ардчилсан Монгол Улсад байж болохгүй үйлдэл. Манай улсад хууль ёсоор амьдарч буй иргэний эрх Монгол Улсын иргэдийн адил Үндсэн хуулиар баталгаажих ёстой” гэсэн юм.
Мөн хуульч О.Мөнхсайхан “Вейсел Ачкайг хүчээр авч явах ажиллагаа Монголын талын зөвшөөрөлгүй явагдсан бол энэ нь манай улсын бүрэн эрхт байдалд халдсан, хууль бус үйл ажиллагаа. Монголын талын зөвшөөрөлтэй, эсэх, аль ч байдлаар энэ үйл ажиллагаа явагдсан бай, Вейсел Акчайг Монголоос Турк руу албадан явуулахыг зөвшөөрч болохгүй.
Монгол Улс 2000 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод нэгдэн орсон. Конвенцын гуравдугаар зүйлд “Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй” гэж заасан” хэмээн цахим орчинд мэдээлсэн.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авсан юм.
Турк сургуулийн багш, төгсөгчид онгоцны буудалд очиж, эсэргүүцлээ илэрхийлэв
Тэрбээр “Турк улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй” хэмээсэн. Б.Батцэцэг дэд сайд орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай мөн утсаар ярихад дээрх байр суурийг нотолжээ. Тэгвэл тус онгоц манай улсад ямар зорилгоор газардсан, “Нэг зорчигч нэмж авна” гэсэн нь хэн байсан, тусгай зориулалтын онгоцноос хэнийг ч нэмж буулгаж, суулгаагүй бол Вейсел Акчайг ямар хүмүүс хүч хэрэглэн авч явсан, тус онгоц ИНЕГ-аас газардах зөвшөөрлийг ямар үндэслэлээр авсан зэрэг асуулт хариулт нэхэн үлдэж буй юм.
Одоогоор манай хууль хүчний байгууллагаас энэ талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд ЦЕГ-аас “Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн жижүүрт ирүүлсэн мэдээллийн дагуу Бүгд найрамдах Турк улсын иргэн Вейсел Акчайг үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн, “Тоёота альфард” маркийн автомашинд суулган хүчээр авч явсан” гэх гомдлын дагуу шалгасан. ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг нийслэлийн Прокурорын газрын хяналтад явуулж байна” гэж л мэдээлсэн юм.
Энэ нь хүн хулгайлах гэмт хэрэг хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үг юм. Хэргийг хууль хүчний байгууллага шалгаж буй бөгөөд энэ талаар Вейсел Акчай ч “Мэдэхгүй, цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэснээс өөрөөр ам нээгээгүй. Түүний гэр бүлийн өмгөөлөгч Б.Баатарсайхантай холбогдон Вейсел Акчайн бие болон сэтгэл санааны байдал ямар байгааг тодруулахад “Хэрэг гарснаас хойш түүнтэй уулзаагүй. Маргааш (өнөөдөр) уулзах байх. Түүнийг хүч хэрэглэн авч явсан нь тодорхой учраас хүн хулгайлах гэмт хэрэг гэж үзэж байгаа. Тэрбээр хөндлөнгийн хүмүүсийн шахалтад орсон байж болзошгүй. ЭЦА-нд өгсөн байцаалтын үеэр өөрийн хүсэлтээр өмгөөлөгч аваагүй” гэв.
Эл явдлыг хүний эрх, эрх чөлөөнд халдсан явдал хэмээн “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагын зүгээс буруушааж буйгаа мэдэгдсэн. Мэдэгдэлд “Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалан, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, дотоодын хууль тогтоомжоо хэрэгжүүлэн, Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчайг хүч хэрэглэн авч явсан балмад үйлдлийг шалган тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох, цаашид түүнийг Турк улсад шилжүүлэн өгөхгүй байх үүргээ хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэжээ.
ЭРДОАНЫ ДАЙСНЫГ МОНГОЛООС ХУЛГАЙЛАХ ГЭСЭН НЬ БҮТЭЛГҮЙТЖЭЭ
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаныхоо хоёр ч дайсныг Украины нутаг дэвсгэрээс амжилттай хулгайлсан шигээ ажиллагааг Туркийн тусгай албаныхан алс холын Монголд явуулах гэсэн нь бүтэлгүйтэв. 2016 онд Туркэд болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын гол зохион байгуулагч гэгдэх Фетхуллах Гюлений “FETO” байгууллагын ивээл дор үйл ажиллагаа явуулдаг, Турк, Монголын боловсролын төвийн захирал Вейсел Акчайг тэд баривчлах гэсэн юм.
Түүний дэмжлэгтэйгээр Монголд улс төрийн орогнох эрхтэй болсон туркчүүд жагслаа. В.Акчайн гэр бүлийн хүн Монголын Цагдаагийн газар, Тагнуулын төв газарт хандахад тэдгээр байгууллага Туркийн талын явуулсан ажиллагааны талаар мэдээгүй байв гэж livejournal.com цахим хуудсанд мэдээлжээ.
Дашрамд дурдахад, Турк улс хилийн чанадад цагаачлан амьдарч буй шашны зүтгэлтэн Ф.Гюлентэй холбоотой гэх дунд сургуулиудыг хаах кампанит ажлыг дэлхий даяар өрнүүлж буй. Тэдгээр сургуулийг Ф.Гюлений “террорист” байгууллагаас санхүүгийн дэмжлэг авдаг хэмээн буруушааж байна. Өнөөдрийн байдлаар хувийн 1000 орчим сургууль хаалгаа барьжээ.
Туркийн Элчин сайд М.Ахмет Язал мэдэгдэл хийхдээ тус улс Монгол дахь, тухайлбал, Баян-Өлгий аймаг, Дархан-Уул, Эрдэнэт, Улаанбаатар хот дахь “Мон-Турк”, “Улаанбаатар эмпати” дунд сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн. Гэхдээ уг гэрчилгээ олон улсын түвшинд хүчин төгөлдөр ч, Туркэд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгийг Элчин сайд нэмж хэлж байсан тухай asiarussia.ru мэдээлжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан хилийн чанадад амьдарч буй шашны зүтгэлтэн Ф.Гюлентэй холбоотой хэмээн сэжиглэж, Засгийн газар болон цэргийн байгууллагын хэдэн арван мянган түшмэлийг ажлаас нь халж, хилийн чанадаас хэдэн арван хүнийг баривчилсан. Ингэхдээ гадаад улсын Засгийн газраас зохих зөвшөөрөл авсан хэмээн Турк улс нотолдог. Гэтэл Монголд бараг 25 жил амьдарсан В.Акчайтай холбогдох байдал үүнд эргэлзэхэд хүргэж байна хэмээн nytimes.com цахим хуудас тэмдэглэв.
Туркийн тагнуулын албаныхан Украинаас хоёр, Азербайжанаас нэг хүнийг долдугаар сарын эхээр хулгайлсан. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Ф.Гюлений хөдөлгөөнтэй холбоотой хэмээн Косовогоос зургаан багшийг хулгайлсан нь дэлхий нийтийн анхаарлыг татан, ихээхэн санал шүүмжлэлд өртсөн. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу CNN телевизэд мэдээлснээр уг хөдөлгөөнтэй холбоотой байж болзошгүй 100 гаруй хүнийг тус улсын тагнуулчид хулгайлан, эх орондоо авчирсан байна гэж stockholmcf.org-д бичжээ.
Туркийн Засгийн газрын хүсэлтээр академич, бизнес эрхлэгч, дунд сургуулийн захирлуудыг, тэдний зарим нь хэдийнэ НҮБ-ын дүрвэгчийн статустай болсон байхад Саудын Араб, Малайз, Гүрж, Мьянмар зэрэг улс шилжүүлэн өгсөн тухай turkeypurge.com-д мэдээллээ.